Нэгэн зүйл. Энэ хуулиар ямар харилцаануудыг зохицуулах гэж буйгаа гүйцэд ухаарах. Уг нь хууль бол нийгэмд буюу нийтийн эрх ашигт үйлчлэх ёстой. Нэг мэргэжлийн салбар, нэг хэсэг мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах зориулалттай хууль байх ёсгүй. Аливаа хуулийн “зорилт” хэсэгт тухайн хуулиар нийгмийн ямар харилцааг зохицуулахыг зааж өгдөг бололтой байдаг. Зорилтыг нь буруу буюу дутуу дулимаг тодорхойлоод өгчихөөр тухайн хууль үйлчлэхгүй, эсвэл үйлчлэл нь сулраад, бүр хуульгүй байснаасаа долоон дор болчихоод байх шиг бодогддог. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр байгаа “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн “зорилт” хэсэгт “энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны /цаашид “мал” гэх/ удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Та бүхэн бод доо. Монгол малын удмын сан гэж юуг хэлээд байна, түүнийг энэ хуулийн дагуу хэн, яаж хамгаалж байгаа вэ?!. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн дотор өнөөдөр ийм юм яриад сууж байгаа нь хэр олон бол?. Монголчууд энэ хуульд нийцүүлэн мал сүргийнхээ удмын санг хэрхэн хамгаалж, хамгаалуулж байна вэ?!. Цаашид ийм хошин шог, инээдмийн жүжиг тоглохоо болих хэрэгтэй. Монгол улсын аль аймгийн хэн гэдэг малчин энэ хуулийн дагуу мал сүргийнхээ “удмын сан”-г хэнээр хэрхэн хамгаалуулж, хуц, ухна, бух, азарга, буурныхаа шилэн сонголт, хээлтэгч хээлтүүлэгчийнхээ таарамж, нийцлийг хаана ажиллаж байгаа хэн гэгч зоотехникч буюу мал зүйчээс асууж, зөвлөж шийдэж байна вэ?. Нийтэд ингэж үйлчилдэг хууль байдаг юм уу?. Амьдрал дээр ийм зүйл байдаггүй юм. Хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай болон хуулийн зохицуулалт шаардлагагүй нийгмийн харилцаануудаа ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байна. Мэдээж өндөр ашиг шимтэй мал сүрэг, шинэ зүйлийн ашигтай амьтантай болохыг төр засгийн зүгээс дэмжилгүй л яахав. Гэхдээ хуулийн зохицуулалт энд хэрэгтэй эсэхийг бодох хэрэгтэй. Соёлжсон ертөнцөд ийм харилцааг хуулиар зохицуулж байна уу, бизнесийн харилцаагаар зохицуулж байна уу, аль нь оновчтой байдаг талаархи мэдээллийг олж мэдэх хэрэгтэй. Өндөр ашиг шимтэй мал, амьтан өгсөж үржүүлэх нь бизнесийн харилцаагаар зохицуулагддаг юм. Энд ямар ч төрийн оролцоо, хуулийн зохицуулалт шаардлагагүй. Тэгэхээр одоо батлах гэж буй хуулийнхаа “зорилт”-ыг зөв тодорхойлох ёстой. Учир нь мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль бол маш өргөн хүрээнд үйлчлэх, манай улсын бүх хүний амьдралд хамааралтай, улмаар олон улсын хүрээнд ба харилцаанд үйлчлэлийнх нь нөлөөлөл тусах хууль юм. Мал, амьтны эрүүл мэндийн тухай буюу мал эмнэлгийн харилцааг зохицуулах хуулийн зорилтонд (а.) мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, (б.) мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, (в.) мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдлыг хангах, (г.) нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэх маш өргөн хүрээнд үйлчлэх 4 гол зорилтыг зайлшгүй тусгаж өгөх нь зүйтэй. Тэгээд дээр нь болж өгвөл (д.) мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байх асуудлыг жаахан ч гэсэн зохицуулах эхлэлийг тавих хэрэгтэй.
Нэгэн зүйл. Энд бас нэг зүйлийг дурдалгүй өнгөрч болохгүй нь. Тэр бол ашиг сонирхлын зөрчил. Уг нь аливаа салбарын хуулиудын төслийг боловсруулахдаа ашиг сонирхлын зөрчилтэй салбарынх нь мэргэжилтнүүдийг аль болохуйц бага оролцуулах шаардлагатай юм шиг. Гэхдээ өнөөдрийн Монголд хууль боловсруулж, батлах тогтолцоо, түүний чадавхи нь тухайн чиглэлийн мэргэжлийн салбараас заавал дэмжлэг авахаас өөр аргагүй байх шиг байгаам л даа. Тухайн салбарын мэргэжилтнүүдээс туслалцаа авах болбол мэргэжлийн өргөн хүрээний мэдлэгтэй, ёс зүйтэй, ичих булчирхай нь хатинхайраагүй хүмүүсийг нь олж, судалж, таньж байж хууль боловсруулагсад, батлагсад хамтарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа, мэргэжлийн мэдлэг хомс, тухайн хуулиар зохицуулах асуудал нь зүй тогтол буюу зүй ёсоороо, дэлхий нийтээр буюу соёлжсон ертөнцөд ямар байдаг талаар огт мэдлэггүй буюу сонссон төдийхөн мэдээлэлтэй этгээдүүд нь хувийн, хэсэг бүлгийн, байгууллагын, салбарын өчүүхэн явцуу эрх ашгаа нийгмийн буюу нийтийн эрх ашгаас дээгүүр тавих явдал ихээхэн анзаарагдах юм. Тийм этгээдүүдээс хууль санаачлагчид, хуулийн төсөл боловсруулагсад, хууль батлахад оролцогсод холхон байх хэрэгтэй. Зарим нь бүр хэрээс хэтрээд энэ хуулийн төсөл батлагдвал миний ширээ сандал цөөрч, цалин, хангамж багасах юм байна, биднийг мартах юм бол хуулийн төслийг нь лобби хийж унагана гэх хандлага гаргаад, утга учиргүй, авцалдаагүй, логикгүй юм яриад яваа ч байдал ажиглагдах юм. Мал эмнэлгийн салбар хуультай байхад, манай салбар ч бас ойролцоо нэртэй, малтай харьцаж ажилладаг юм чинь хуультай байх ёстой гэх ухааны юм яриад яваа этгээдүүд ч тааралдах юм. Энэ жишгээр явбал яваандаа малчид ч мал хариулж, маллах тухай хууль баталж өг гэж мал эмнэлэгтэй барьцах бололтой. Иймээс юу мэддэг, юу бүтээдэг, юу хийж чаддаг нь тодорхой бус бөгөөд зөвхөн амин хувийнхаа өчүүхэн эрх ашгийн төлөө яваа хэдхэн хүний лобби, хорлон сүйтгэх ажиллагаа буюу ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн эрх ашгийг дээдэлж хуулийг боловсруулж, батлах ёстойг анхааруулмаар байна.
Нэгэн зүйл. Мал, амьтны эрүүл мэндэд хорлон сүйтгэл учруулахгүй байх. Ямар нэгэн өвчингүй, өвчлөх ямар ч эрсдэл эргэн тойронд нь байхгүй, эв эрүүл, сав саруул мал, сүрэгтээ хавтгайруулж вакцин, эм олгож хорлон сүйтгэл учруулах явдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрлээ. Хүнтэй харьцуулаад бодоод үзээч. Ямар нэгэн өвчингүй хүмүүст хамуу, цагаан хорхойн эсрэг, эмчилгээний зориулалттай эм тарьж, уулгаад байдаггүй биз дээ. Эм бол хор гэдгийг бүх хүн мэднэ. Вакцин ч гэсэн аюултай бүтээгдэхүүн. Вакциныг зөвхөн халдварын эрсдэлтэй бүс нутгийн эрүүл малыг халдвараас хамгаалах зориулалтаар л хэрэглэнэ. Түүнээс бус УИХ-ын гишүүдийн сонгогдсон тойргийн мал бүхий иргэдийн хүсэлтээр ч юм уу, гадаадаас вакцин оруулж ирж яам, засгийн газарт “шахдаг” рекетчин, наймаачдын бүлэглэлийн захиалгаар вакцинжуулалтыг хийдэггүй юм. Иймээс ямар ч шаардлагагүй байхад эм, вакцин тарьж, уулгаад байгаа нь мал, сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалж буй үйлдэл бус, мал сүргээ хордуулж, эрүүл мэндийг нь ямар нэг хэмжээгээр хохироож, экологийн цэвэр мал сүргээ бохирдуулж, бузарлаж буй нь тэр гэдгийг ухаармаар байна .
Нэгэн зүйл. Мал, амьтны гаралтай хүнсэнд аюул учруулахгүй байх. Монголчуудын үндсэн хүнс нь мал, амьтны гаралтай. Голдуу л таван хошуу мал, гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн. Түүнчлэн сүү, тараг, айраг, ааруул, өрөм, цөцгий зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүн. Мал, амьтанд олгож буй химийн гаралттай эмүүд, вакцинууд, антибиотокууд нь мал амьтны гаралтай хүнсээр дамжаад та бидний эрүүл мэндэд маш аюултай хорлон сүйтгэл учруулж байгааг ойлгож зогсоож өгөөч. Шууд хордуулж, халдварлуулж үхүүлэхгүй байгаа учраас дам хордлогын аюулыг манай нийгэм огт анзаарахгүй байна шүү дээ. АНУ, Европ аль хэдийн бүрэн хяналтандаа авчихсан. Суралцаач тэднээс. Хүний эрүүл мэндийг хордуулж байгаа хамгийн гол аюул хүнсэнд байгааг ойлгож туслаач.
Нэгэн зүйл. Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээл дээр борлуулах замыг хаахгүй байх. Одоо манай улсад үйлчилж буй мал эмнэлгийн хууль эрх, зүйн орчин нь мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээр гарах замыг хааж байна. Дотоодын зах зээл дээр “мах л бол мах” “сүү л бол сүү” гэдэг зарчим үйлчилж байгаа бөгөөд түүнийг хаанахын ямар зүйлийн, эрүүл мэндийг нь баталгаажуулсан юмуу баталгаажуулаагүй мал, амьтнаас бэлтгэснийг асуудаг, сонирхдог иргэн манай улсад нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй. Бохирдол ба хольцыг нь ч тоохгүй. Тэнгэрт тулсан өндөр үнээр хоол, ундаа зарж борлуулдаг “дээд зэрэглэлийн” гэх ресторан, зоогийн газрууд ч мах, сүүний дотор ямар эм, вакцин, антибиотокийн үлдэгдэл агуулагдаж байгаа талаар дурсахыг ч хүсэхгүй. Эм, хорны үлдэгдэл гэдэг “зүйл” байдаг талаар ойлголт ч байхгүй. Өвчнөөр үхээгүй л болбол тэр мал, амьтны мах нь эрүүл, аюулгүй гэх ойлголттой. Уг нь хэрэглэгчид эрүүл, аюулгүй мах, сүүний талаар ойлголттой байгаад эрүүл, аюулгүйн баталгаа шаарддаг болоод ирвэл малчид ч, мал эмнэлгийнхэн ч тэр шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүй болно л доо. Ингээд л малчид ч, мал эмнэлгийнхэн ч хөгжил, дэвшлийн зөв замдаа орчихмоор байгаа юм. Тиймээс мал эмнэлгийн зориулалттай химийн гаралтай эм, антибиоток худалдаж авдаг явдлыг хуулиар таслан зогсоох ёстой. Төр зөвхөн худалдааны чөлөөт байдалд нөлөөлдөг гоц халдварт өвчнүүд болон хүн, мал, амьтанг аль алийг нь өвчлүүлдэг өвчнүүд буюу зоонозтой тэмцэхэд оролцдог дэлхийн соёлт хүн төрөлхтний жишигтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Онц шаардлагагүй вакцин, эмийн хэрэглээ нь мах, сүүний экологийн цэвэр байдлыг нь алдагдуулж, борлуулалтын замыг нь хааж, үнийг нь унагаж буйг ухаарагтун.
Нэгэн зүйл. Нийтийн эрүүл мэндийг хохироохгүй байх. Ялангуяа,зарим зооноз өвчнүүдээс сэргийлнэ гэх шаардлагагүй вакцинжуулалт, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн дэх химийн гаралтай эм, антибиоток, цацраг, хорны үлдэгдэлээр дамжуулан хүн, амынхаа эрүүл мэндэд хохирол учруулахыг хуулиар болон төрөөс явуулах бодлогоор дэмждэг одоогийн тогтолцоог халах хэрэгтэй байна. Жишээ нь, халдварын эрсдэлтэй болон эрсдэлгүйг нь үл харгалзан, харанхуй сохроор, ямар ч бодлого, төлөвлөгөөгүйгээр бүх малыг бруцеллёзоос сэргийлэх вакцинаар вакцинжуулах замаар хүн амд халдвар тархаадаг, зарим зүйл хорхойтох өвчнийг эмчлэх зориулалт бүхий ивомекийг засгийн газар худалдаж авч бүх малд толгой дараалан тарьж хордуулдаг зэрэг хорлон сүйтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой. Тийм үйлдлийг санаачилсан, бодлогод тусгасан, зөвлөмж болгосон болон гүйцэтгэсэн этгээдүүдэд эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэхээр хуулинд тусгаж өгөхийг хүсье.
Нэгэн зүйл. Мал эмнэлэг буюу veterinary profession ба мал эмнэлгийн туслах мэргэжил буюу para-veterinary profession хоорондын зааг ялгааг ойлгох. Социализм задран унасны дараа бараг Орос, Монгол хоёрт л бэлтгэдэг байсан гэх “зоотехникч буюу мал зүйч” нэртэй мэргэжилтнүүдэд хийх ажил олдохгүй, ажлын байр байхгүй болохоор л “малын эмч, мал зүйч хоёр чинь бараг л ижил шахуу мэргэжил юм шүү дээ”, “хоёулангийнх нь нэрэнд “мал” гэж орсон байгаа биз” “нэг малын хоёр талд л зогсоод ажиллачихдаг”, “нэг нь нөгөөгийнхөө ажлыг орлоод хийчих мэдлэг, чадвартай шүү дээ” гэж улс төрчид болон мэдлэг, чадваргүй хүмүүсийн “тархийг угааж”, лобби хийдэг, зөвхөн бор ходоодоо бордохоос өөрийг боддоггүй, улс орондоо ямар их гай тарьж буйгаа ухаардаггүй, соёлт хүн төрөлхтнөөс ичдэггүй, ХХААХҮЯам, засгийн газрын агентлаг мал эмнэлэг-үржлийн газар хавиар үүрлэсэн цөөхөн хэдэн зоотехникч буюу мал зүйч мэргэжилтнүүдийн тарьсан бөгөөд тарьж буй балаг нь энэ хоёр мэргэжлийн ялгааг бүдгэрүүлж, улмаар дампуурал руу хөтлөж, үнэ цэнэ, нэр хүндийг нь дотоодод төдийгүй, дэлхий, олон улсын өмнө шалан дээр унагаж, шившиг болгосоор олон жилийг өнгөрөөлөө. Одоо тийм тархи угаалт, хууран мэхлэсэн лоббинд мунхарахаа больцгооё. Ашгүй хэдэн хоногийн өмнө ХХААХҮЯ-ныхан энэ талаар нэгдсэн нэг зөв ойлголт авах шиг боллоо. Уг нь ялгаран хөгжилт аль болох л эрт явагдах тусмаа аль алиныхаа хөгжилд тустай байдаг юм. Малын их эмч нь дэлхий нийтийн жишгээр лицензитэй нарийн мэргэжил бөгөөд мал зүйч, малын бага эмч нар нь малын их эмчид туслах мэргэжил юм байна. Түүнээс бус өвчин, түүний эмчилгээ, сэргийлэлтийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ямар ч мэдлэггүй мал зүйч нь малын их эмчийн мэргэжлийг орлох тухай ойлголт энэ дэлхий дээр байхгүй. Тийм ойлголттой хүн одоо энэ дэлхий дээр Монголд л цөөхөн тоотой үлдсэн байна. Ингэхээр мал эмнэлгийн мэргэжлийн салбарыг бие даасан байдлаар ажиллуулах ёстой. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ талаар хэдэнтээ дүгнэлт, зөвлөмж гарсан байгаа. Шаардаж, олж үзэцгээгээрэй.
Нэгэн зүйл. Хятад, Оросоос хэрэгцээгүй вакциныг Монголд оруулж ирж, төсвийн мөнгөөр худалдаж авах бодлогыг дэмжихгүй байх. Одоо хүчин төгөлдөр хуулиар бол манай улсын мал сүрэгт тохиолддог бараг бүх халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, вакцинжуулалтын зардлыг төрөөс хариуцаж байгаа. Энэ бодлогыг халах хэрэгтэй. Харин дэлхийн жишгээр худалдааны чөлөөт байдалд саад учруулдаг гоц халдварт өвчнүүд болон зооноз өвчнүүдтэй тэмцэхэд л төрийн оролцоо байх хэрэгтэй. Хүн амд аюулгүй, зөвхөн ганц хоёр зүйлийн, цөөн тооны мал, амьтан өвчилдөг өвчнүүдтэй тэмцэх асуудлыг малын эзэн, шаардлагатай бол орон нутгийн захиргаатайгаа хамтраад хариуцах нь зүйтэй. Одоогийн энэ их замбараагүй, шаардлагагүй хавтгайрсан вакцинжуулалт нь манай төр засгийг Хятад, Оросын чанар муутай вакцин үйлдвэрлэгчдийн борлуулалтын алба болгосоор байна.
Нэгэн зүйл. Ивомек мэтийн химийн хорт бодис агуулсан эм, бэлдмэлээр мах, сүүгээ хордуулахыг уриалахгүй байх. Соёлт ертөнцөд эмчилгээний зориулалттай эм, бэлдмэлийг малчид, мал бүхий иргэддээ төр засаг нь худалдаж өгдөг жишиг байхгүй. Шаардлагатай бол хачиг, гуур, цагаан хорхой гэх мэт шимэгчтэх өвчин, зарим нянгийн халдварыг эмчлэх эм бэлдмэл, антибиотокийг худалдаж авч, мал амьтнаа эмчлүүлэх, эмчлэх үүргийг малчид, малын эмч нарт үлдээе. Энд төрийн оролцоо огтхон ч хэрэггүй. Гурван хоногийн өмнө ивомек, антибиоток тарьсан малынхаа мах, сүүг бид идэж, ууж хордсоор л явж байна шүү дээ.
Нэгэн зүйл. Мах, махан бүтээгдэхүүний аюултай байдал. Яагаад мах, махан бүтээгдэхүүн аюултай болчихоод байна вэ?. Наад зах нь гарал үүсэл нь хуурамч байх явдал түгээмэл. Хүн та ресторан, зоогийн газарт ямааны махтай гэх хоолтой хэр олон удаа тааралдсан бэ?. Тухайлбал, ямааны махтай бууз, ямааны махаар хийсэн хуушуур, ямааны махан хиам, ямааны махан консерв, ямааны шарсан хавирга, ямааны хавиргатай шөл, ямааны махтай цуйван, ямааны толгой, ямааны утсан хэл гэж сонссон уу?. Та дээр дурдсан бүх төрлийн хоолнуудыг зөвхөн “хонины махаар хийсэн, хонины махан” гэж л сонссон. Бараг бүх л мах, махан бүтээгдэхүүн, хоол нь үхэр, хонь, гахайн “дээд зэрэглэл”-ийн махаар “хийгдсэн” байдаг л даа. Бүх ямаа, тэмээ, адууны мах болон үхэр, хонь, ямааны “дээд зэрэглэл”-ийн бус мах нь хаачсан нь бүү мэд?!. Сүүлийн жилүүдэд суурин газрынханы хэрэглээнд зориулж жил бүр манай улсад барагцаагаар тэнцүү тооны буюу 6 -8 сая толгой хонь, ямаа хүнсний зориулалтаар нядлагдаж байгаа. Тэр олон сая ямааны мах хаачсан бэ?. Эндээс харахад та хонины мах, махан бүтээгдэхүүн худалдаж авч байна уу, ямааны мах, махан бүтээгдэхүүн худалдаж авч байна уу гэдэг нь тодорхой бус болоод ирж байгаа биз. Мэдээж гулууз, гуя худалдаж авах үед ялгана. Жижиглэн худалдаа, боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн хоол хүнс бол ихээхэн “но”-той байгаа нь тодорхой. Энэ онц аюул биш ч байж магад?!. Иддэг, иддэггүй эрхтэн, эд гэж ойлголт байх ёстой. Энэ талын асуудал огт анзаарагдахгүй. Махыг ангилах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, шимт чанар багатай хэсгүүдийг нь ялгах тухай ойлголт байхгүй. Ханасан тосны хүчил ихтэй өөхтэй мах хүний эрүүл мэндэд сайн нөлөөгүйг бүгд мэддэг ч түүнийг нь ялгах, идэхгүй байх талын ойлголт огт байхгүй. Дээр нь мэдээж тухайн малд олгосон эм, вакцины үлдэгдэл, нөөшилсөн бүтээгдэхүүн дэх консервант, тухайлбал, нитрит хүний биед хэрхэн нөлөөлж, ямар өвчин, хордлого үүсгэж байгаа гэх мэтийг огт анзаарахгүй явсаар л байх уу. Нийтийн хэрэгцээнд нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн гарал үүсэл нь тодорхойгүй, эрүүл, аюулгүй байдлын баталгаагүй байгаа нь жинхэнэ аюултай байдал мөн. Хуулийн зохицуулалт энд маш чухал шаардлагатай.
Нэгэн зүйл. Сүү, сүүн бүтээгдэхүүний аюултай байдал. Мөн л гарал үүсэл нь тодорхой бус бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүнээр дамжих халдвар, хордлогын эрсдэл байнгын аюул. Найрлага нь дутуу. Агууламжууд нь тодорхой бус. Баахан хуурамч реклам наачихсан. Ялангуяа, халуунаар боловсруулалт хийгээгүй сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний тослог хэсгээр хайдрофобик шинж чанартай нянгийн халдвар дамжих магадлал маш өндөр. Зүүн аймгуудынханы “нутгийн бренд” “түүхий сүүний цөцгий” нь бруцеллёзын халдварын үүр уурхай болж байх магадлал маш өндөр. Улаанбаатар хотын эргэн тойронд тийм олон үнээний ферм, үнээ байхгүй байхад энэ олон сүүний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй сүү нь “жинхэнэ үнээний” “байгалийн” “экологийн” цэвэр байж чадах уу?. Наад зах нь нийтийн хэрэгцээнд сүүг нь нийлүүлж буй үнээнүүдээ 3 сар тутамд, 6 сар тутамд, эсвэл жил бүр бруцеллёзын шинжилгээнд хамруулж буй фермерийн аж ахуй Монголд байхгүй л болов уу?. Зарим фермийн гадаадаас худалдаж ирсэн үнээнүүд нь ч бруцеллёзтой байхад нуун дарагдуулаад л өнгөрөөнө. Түүнчлэн дэлгүүрийн лангуугаар дүүрчихсэн байгаа энэ олон янзын “эко” “био” “байгалийн цэвэр” гэх тарагууд дотор жинхэнэ тараг бий юу?. Ард иргэдээ хууран мэхлээд, халаасыг нь хоослоод сууж буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдэж буй гэмт үйлдлийг хараад юу ч мэдэхгүй, ойлгохгүй, мангартсаар суух уу?. Хүний эрүүл мэндэд аюул занал учруулж буй сүү, сүүн бүтээгдэхүүний эргэн тойрон дахь “гэмт” үйлдлүүдийг энэ хуулиар таслан зогсоох ёстой.
Нэгэн зүйл. Малчдад “хайр” зарлахаа багасгах буюу таалагдах өвчнөө эмчлэх. Манай улсын нийт мал сүрэг нь ард иргэдийн хувийн өмч. Хувийн өмчийнхөө эрүүл мэндийг хамгаалах, нийтийн хэрэгцээнд мал, амьтныхаа гаралтай эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэх нь малчин, мал бүхий иргэдийн үүрэг байх ёстой. Уг нь малчдад үүргийг нь сайтар ойлгуулаад нэг л удаа хэлчихэд ойлгочихдог юм. Гэтэл малчдад “хайр”-тай бөгөөд тэдэнд таалагдах өвчин туссан улс төрчдийн популизм нь малчид болон мал эмнэлгийнхэнийг хөгжлийн зөв зам руу нь оруулахгүй байна. Манай улсын мал сүргийн эрүүл мэндэд хорлон сүйтгэл учруулсаар байна. Малчид хүсээгүй бөгөөд малаа хурааж, барьж өгөх малчин олдохгүй болчихсон байхад л хэрэгцээгүй вакцин, эм нэмж өгөөд л байдаг. Үүнийг хуулиар таслан зогсоох хэрэгтэй байна. Зөвхөн үнэгүй вакцин, эм, янз бүрийн урамшуулалууд төр, засгаасаа нэхэж шаарддаг оюуны хоосролтой “малчид” бэлтгэхийг төр засаг, улс төрчид нь дэмждэг одоогийн тогтолцоог энэ хуулиар халах хэрэгтэй. Монголчуудын уламжлалт ухаанаар бол “Хал нь гаднаа, хайр нь дотроо” байвал зүгээр байна.
Нэгэн зүйл. Мал сүргээ эрүүлжүүлнэ гэх буруу ойлголтоо засах. Эрүүлжүүлнэ гэдэг нь өвчтэй бодгалийг эмчилж илааршуулна гэсэн үг. Манай улсын бүх мал өвчтэй биш. Ер нь мал эмнэлгийн мэргэжлийн салбарын үндсэн үүрэг нь ч бүх мал, амьтнаа өвчлүүлчихээд эмчилж эрүүлжүүлэх явдал биш. Өвчингүй, өвчтэйг нь үл харгалзан эм, вакцин тарьж хордуулж, бузарлах явдал бол бүр ч биш. Мал эмнэлгийн мэргэжлийн салбарын гол ажил нь мал, амьтны сүргийг өвчлөхөөс сэргийлэх, уг сүрэг болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн эрүүл, аюулгүй гэдгийг баталгаажуулахад чиглэдэг юм байна. Тэгэхээр хуулийн концепцийг энэ өнцгөөс нь харах ёстой. Өвчтэйг эмчилж эрүүлжүүлэх бус, эрүүл сүргээ өвчлөхөөс сэргийлэх, эрүүл гэдгийг нь баталгаажуулахад энэ хуулийн агуулга чиглэх ёстой.
Нэгэн зүйл. Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох сертификатыг мэргэжлийн хяналтын байгууллага олгодог, импортлох сертификатыг нь мал эмнэлгийн байгууллага олгож буй нь эрүүл тогтолцоо мөн үү?. Зүгээр л төсөөлөөд бодьё л доо. Хятад руу мах экспортлохоор мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчихаад, Хятадаас мах импортлохоор мал эмнэлгийн байгууллагаас зөвшөөрөл авна. Хамгийн гол нь яагаад мах экспортолж, импортлоход өндөр шаардлага тавиад байна вэ? гэдгийг бодохгүй байгаа нь л гамшиг. Махаар дамжаад мал, амьтны өвчин тархаахаас сэргийлж байна. Түүнийг идсэн хүн ам нь халдвар, хордлого авахаас сэргийлж байна. Тухайн махыг үйлдвэрлэсэн мал нь өвчингүй, эрүүл гэдэг баталгааг малтайгаа харьцаж, эрүүл мэндийг нь хариуцаж ажиллаж байдаг мал эмнэлгийн тогтолцоо нь илүү итгэл үнэмшилтэй өгөх үү?, мал, сүрэгтэй бараг харьцдаггүй, хааяа жаахан ховон мэдээлэл сонсож суудаг мэргэжлийн хяналтынхан илүү итгэл үнэмшилтэй өгч чадах уу?. Эрүүл ухаанаар бодоход мал эмнэлэг нь өгч чадна гэдгийг хүн бүр хэлнэ. Соёлт хүн төрөлхтний жишиг ч тийм байна. Монголд бол сертификат бичиж мөнгө хураах нь л сонирхолтой. Тодруулбал авлигал, хураамж авах, дарамтлах боломж гэдэг өнцгөөс нь харж байгаа. Мэдээж манай улсад мах экспортлох боломж бий. Мах импортлох шаардлага бараг байхгүй. Энэ байдал бол махны экспортод нилээд саад учруулж л байгаа. Худалдан авагч талынхан ч аль нь итгэл үнэмшилтэй баталгаа өгч чадахыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ. Монголчуудад бас нэг хоцрогдсон, буруу ойлголт байна. Хяналт, шалгалт гэхээр л хөндлөнгийнх буюу өөр байгууллага дээр байхаар л илүү сайн гэх ойлголт түгээмэл байх юм. Уг нь хяналт, шалгалт нь салбар, тогтолцоон дотроо байвал илүү үр дүнтэй болохыг соёлт хүн төрөлхтөн практикаар бас л нотлочихоод байна шүү дээ.
Нэгэн зүйл. Мал, амьтанг амьд байх үед нь эрүүл мэндийн байдлыг нь баталгаажуулна. Нядалчихсан мал, амьтны гулууз, мах болон саагаад хооронд нь хольчихсон, буцалгачихсан, боловсруулчихсан сүүний эрүүл, аюулгүй байдлыг бараг тогтоох боломжгүй. Тиймээс тухайн мал, амьтан эрүүл эсэх, мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал хэрхэн хангагдсан, мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээл дээр борлуулагдах болзол шаардлагыг хангах эсэх, тухайн мал, сүргийн өвчлөлтэй холбоотой асуудлууд нь нийтийн эрүүл мэндэд аюул занал учруулах эсэх талаарх хамгийн эхний, итгүүштэй, үнэмшилтэй баталгааг гаргаж өгөх үүрэг нь тухайн мал, амьтан ба сүрэгтэй харьцаж ажилладаг малын эмч, мал эмнэлгийн үүрэг байх нь хэнбугайд ч ойлгомжтой.