Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар танаа
Энэхүү өргөдлийг гаргахын учир нь сүүлийн жилүүдэд Монгол улсын нутаг дэвсгэр дээр голомтлон гарч буй шүлхий өвчинтэй тэмцэж буй үйл ажиллагаа нь ямар бодлогод үндэслэгдсэн болон шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг нь тодруулсны үндсэн дээр мал эмнэлгийн мэргэжлийн салбар дахь тухайн чиглэлийн үйл ажиллагаанд зориулан үр ашиггүйгээр зарцуулж буй хөрөнгө мөнгө, ажил, үйлчилгээний үрэлгэн байдлыг таслан зогсоож, малчид, мал бүхий иргэд, улмаар манай улсын эдийн засагт учруулж буй үлэмж хэмжээний хор хохирлыг багасгаж арилгахад оршино.
Өнгөрсөн тодорхой хугацаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газраас шүлхийтэй тэмцэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг ажиглахад ойлгомжгүй, тодорхойгүй асуудлууд олонтаа анзаарагдаж байх юм. Иймд дор дурдсан тодорхой бус асуудлуудыг тодруулахаар энэ удаад хандаж байна.
- 2013 оны намар буюу 10, 11 дүгээр сарын байдлаар Сүхбаатар аймгийн Онгон сумын үхэр сүрэгт шүлхийгээс сэргийлэх вакцин тарьж вакцинжуулсан байдаг. Энэ талаар тус сумын малын бага эмч В.Бадамханд 2014 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсагдсан Онол үйлдвэрлэлийн бага хурлын төлөөлөгчдийн өмнө тухайн үед шүлхийн дэгдэлт тохиолдсон хот айл, багийн үхэр сүргийг вакцинжуулах үедээ “будаж тэмдэглэж” байгаад вакциныг найдвартай тарьсан тухайгаа батлан ярьж байсан. Гэтэл вакцин тарьснаас хойш ердөө хоёр гуравхан сар өнгөрч байх үед буюу 2014 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхийн халдвар дэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүлхийгээс сэргийлэх дархлаа тогтоодоггүй вакцин нийлүүлсэн нь практик дээр нотлогдсон. Түүнтэй холбоотойгоор,
- Тухайн үед буюу 2013 оны намар Сүхбаатар аймгийн Онгон суманд аль улсын ямар нэртэй үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцин хэрэглэсэн бэ?,
- Уг вакциныг аль улсын ямар лабораторийн шинжилгээгээр чанарын баталгаажилт хийлгэсэн бэ?,
- Тухайн үед хэрэглэсэн вакциныг Монгол улсын Малын эмийн бүртгэлд хэзээ, хэрхэн, ямар шаардлагуудыг хангасны үндсэн дээр бүртгэсэн бэ?,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг хэрхэн зарлаж тухайн үед хэрэглэсэн вакциныг худалдаж авсан бэ?,
- Уг тендерт аль улсын ямар нэртэй компаний санал болгосон вакциныг ямар үзүүлэлтүүдээр нь хэрхэн сонгож гэрээ байгуулсны үндсэн дээр шүлхийгээс сэргийлэх дархлаа тогтоодоггүй “чанаргүй” буюу “идэвхигүй” вакциныг нийлүүлсэн болохыг тодруулах шаардлагатай байна.
- 2014 оны 01 сард Сүхбаатар аймгийн Онгон сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх зорилгоор шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан. Түүнтэй холбоотойгоор,
- Тухайн үед 2013 оны намрын вакцинжуулалтанд ашигласан шүлхийгээс сэргийлэх идэвхитэй дархлаа тогтоодоггүй “чанаргүй” буюу “идэвхигүй” вакцинаа давтан хэрэглэсэн үү?, эсвэл өөр вакцин хэрэглэсэн үү?,
- Тухайн вакциныг хэрэглэсэн бол давтан хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлана уу?,
- Тухайн вакциныг давтан хэрэглээгүй бол тэр үндэслэлээ тайлбарлана уу?,
- Ер нь тухайн үед буюу 2014 оны 01 дүгээр сард дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед маш өргөн хүрээнд “вакцинжуулалтын арга”-ыг хэрэглэсэн нь шинжлэх ухааны ямар үндэслэлтэй байсан бэ?.
- Тухайн үед вакцинжуулалтанд хамрагдах бүс нутгийн хил хязгаарыг ямар үндэслэлээр, хэрхэн тогтоосон бэ?,
- Тухайн үед хичнээн толгой үхэр, хонь, ямаа, тэмээг вакцинжуулалтанд хамруулсан бэ?,
- Тухайн үед хичнээн тун шүлхийгээс сэргийлэх вакцин хэрэглэсэн бэ?,
- Тухайн үед хичнээн төгрөгний үнэ бүхий шүлхийгээс сэргийлэх вакцин хэрэглэсэн бэ?,
- 2014 оны 01 сард Сүхбаатар аймгийн Онгон сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хичнээн толгой үхэр, хонь, ямаа, тэмээ устгасан бэ?,
- Тухайн үед зайлшгүй шаардлагаар устгасан малын нөхөн төлбөрт хичнээн төгрөгний зардал гаргасан бэ?,
- Тухайн үед хорио цээрийн арга хэмжээнд хичнээн төгрөгний зардал гаргасан бэ?,
- Тухайн үед халдваргүйтгэлийн арга хэмжээнд хичнээн төгрөгний зардал гаргасан бэ?,
- Тухайн үед зайлшүй шаардлагаар мал, амьтанг устгах үйл ажиллагаанд хичнээн төгрөг зарцуулсан бэ?,
- Шүлхийн халдвар дэгдсэн хот айлын мал сүргийн дотроос шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн цөөн тооны малыг ялган устгахыг шинжлэх ухааны ямар үндэслэлд тулгуурлаж хэрэгжүүлсэн бэ?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн цөөн тооны малыг ялгаж устгаснаар халдварын голомт бүрмөсөн устах уу?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтад нь шүлхийн вирусийн халдвар тээгчид мөн үү?, биш үү?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтдад шүлхийгээс сэргийлэх вакцин тарьчихаар тэдгээр мал сүрэг нь халдвар тээгчид биш болчихно гэж үзэж байна уу?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтдыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулж буй нь шинжлэх ухааны ямар үндэслэлүүдтэй вэ?,
- 2015 оны хавар, зун Ховд, Баян-Өлгий аймгийн Үенч, Булган сумдад шүлхий өвчний дэгдэлт тохиолдсон. Тэр үед дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE-ийн чуулганаар дэмжигдсэн “Шүлхийтэй тэмцэх заавар, төлөвлөгөө, стратеги”-ийн дагуу тэмцэж нэг ч салаа туруутан мал, амьтанг устгахгүйгээр шүлхийн дэгдэлтийг зогсоож, малчид, орон нутгийн иргэд, удирдлагад зөв ойлголт, мэдээлэл өгч, халдварын голомтын бүс, сэжигтэй бүс, хамгаалалтын бүсээс тодорхой хугацаанд мал, амьтанг гадагш гаргахгүй байж, тухайн голомтонд байсан мал сүргийг тодорхой хугацааны дотор хэрэгцээлэх шаардлага тавьж ажилласны үр дүнд өнөөдрийг хүртэл тэнд шүлхийн дэгдэлт тохиолдоогүй байна. Тухайн үед шүлхийтэй холбоотойгоор нэг ч мал, амьтанг устгаагүй. Устгалын зардал болон устгасан мал амьтны нөхөн төлбөрт нэг ч төгрөг улсын төсвөөс зарцуулаагүй. Шүлхийтэй тэмцэх уг заавар, төлөвлөгөө өнөөдөр буюу 2017 оны 03 сарын 15-ны байдлаар хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Ийм байхад яагаад хүчин төгөлдөр байгаа шүлхийтэй тэмцэх заавар, төлөвлөгөө, стратегийг зөрчөөд байна вэ?, Яагаад шүлхийн дэгдэлт тохиолдсон хот айлын мал сүргийг эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн болон үзүүлээгүйг үл харгалзан, хоёрдогч халдварын улмаас өвчлөл нь хүндрээгүй байхад устгаад байна вэ?, Хууль бусаар, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр, заавар зөрчиж устгасан тэдгээр малын нөхөн төлбөрийг улсын төсвөөс төлүүлэх үү?, Заавар зөрчсөн албан тушаалтнаар төлүүлэх үү?,. Одоогийн байдлаар энэ мэт олон зөрчилтэй асуудлууд шүлхийн эргэн тойронд байсаар байна. Түүнтэй холбоотойгоор,
- 2014 оны 08 сарын 28-ны өдөр үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А/93 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юу?,
- Шүлхийн дэгдэлтийн эргэн тойронд голомтын бүс, сэжигтэй бүс, хамгаалалтын бүсийг тогтоож байгаа юу?,
- Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан “мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ыг мөрдөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлана уу?,
- Мал амьтны шүлхий өвчинтэй тэмцэх зааврыг мөрдөхгүй байгаагаас малчид, мал бүхий иргэд болон улсад учруулж байгаа зүй бус хохирлын асуудлыг хэн хариуцах вэ?,
- 2016 оны намар буюу 10, 11 дүгээр сарын байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдын үхэр сүрэгт шүлхийгээс сэргийлэх вакцин тарьж вакцинжуулсан байдаг. Гэтэл вакцин тарьснаас хойш хоёр гуравхан сар өнгөрч байх үед буюу 2017 оны 01 дүгээр сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад шүлхийн халдвар дэгдэж 2017 оны 02 сарын байдлаар 1100 орчим үхэр, хонь, ямаа устгалд оруулаад байна. Мөн л 2013 оныхтой адилхан 2016 оны намар Сүхбаатар аймгийн үхэр сүргийг шүлхийгээс сэргийлэх идэвхитэй дархлаа тогтоодоггүй вакцинаар вакцинжуулсан нь практик дээр нотлогдсон нь энэ юм. Түүнтэй холбоотойгоор,
- 2016 оны намар Сүхбаатар аймгийн үхэр сүрэгт аль улсын ямар нэртэй үйлдвэрт үйлдвэрлэсэн вакцин тарьж хэрэглэсэн бэ?,
- Уг вакциныг аль улсын, ямар нэртэй хараат бус, хөндлөнгийн лабораторит чанарын сорилт, баталгаажилт хийлгэсэн бэ?,
- Уг вакциныг Монгол улсын Малын эмийн бүртгэлд хэзээ, хэрхэн, ямар ямар шаардлагыг хангасны үндсэн дээр бүртгэсэн бэ?,
- 2016 онд шүлхийгээс сэргийлэх хичнээн тун вакцин ямар үнээр худалдан авахыг хэрхэн тооцож тогтоон шийдвэрлүүлсэн бэ?,
- 2016 оны 10 сард ЗГХАМЭҮГ нь таван тэрбум долоон зуу гаруй сая төгрөгөөр (5.765.524.200₮) үхрийн тунгаар тооцвол 7 сая гаруй (7.171.050) тун вакцин худалдаж авсан. Өмнөх жилүүдэд нь зүүн аймгуудын зөвхөн үхэр сүргийг вакцинжуулаад шүлхийгээс сэргийлж болоод байснаа Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад долоон зуу гаруйхан мянган толгой үхэр байхад (2015 оны мал тооллогын дүнгээр эдгээр 5 аймгийн нийт үхэр сүргийн тоо нь 730760 толгой, 2016 онд 764300 толгой байна.) яагаад тэдгээр аймгуудын нийт үхрийн тооноос бараг 10 дахин их хэмжээний вакцин захиалж худалдан авсан бэ?.
- 2016 оны сүүлээр худалдаж авсан шүлхийгээс сэргийлэх вакцины үнийг ямар эх үүсвэрээс гаргасан бэ?,
- 2016 онд худалдаж авсан вакциныг шүлхийн үүсгэгч вирусийн ямар ямар хэвшлээс сэргийлэх зориулалттай байхаар хэрхэн тооцож, юунд үндэслэж сонгосон бэ?,
- 2016 онд худалдаж авсан шүлхийгээс сэргийлэх вакцин нь 2017 оны 01 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийн вирусээс хэр найдвартай хамгаалж чадаж байна вэ?,
- 2016 оны сүүлээр ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ-ын худалдаж авсан шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлд ашигласан омог/омгууд ба 2017 оны 01 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийн вирусийн хооронд хамаарал байхаар “вакцины нийцлийн судалгаа” хийгдсэн үү?,
- 2016 оны 4 дүгээр улирал гэхэд Монгол улсын төсөв маш хүндрэлтэй буюу олон зуун тэрбумаас их наядаар тоологдох алдагдалтай гарах нь тодорхой болчихсон байх үед ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ нь тийм их хэмжээний шүлхийн вакцин худалдаж авах ямар нэгэн үндэслэл, шаардлага байхгүй байхад хэрхэн тэрхүү олон тэрбумын санхүүжилт гаргахыг шийдвэрлүүлж чадсан бэ?,
- Тэрхүү олон тэрбум төгрөгөөр шүлхийгээс сэргийлэх вакцин худалдаж авахыг шийдвэрлүүлэхийнхээ өмнө 2017 оны 01 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Шүлхийн дэгдэлт тохиолдохыг урьдчилан зөгнөж мэдэж байсан уу?,
- 2017 оны 01 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Шүлхийн дэгдэлт тохиолдохыг урьдчилан зөгнөж мэдэж байсан учраас тийм их буюу олон тэрбум төгрөгөөр, бодит хэрэгцээнээс 10 дахин их хэмжээний вакцин худалдаж авсан гэж ойлгож болох уу?,
- 2016 оны намар шүлхийгээс сэргийлэх вакцин худалдаж авах үедээ Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлтэй тендер хэрхэн зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бэ?,. Баримтуудыг нь энэ өргөдлийн хариунд хавсаргаж нийтэд мэдээлүүлэхийг хүсье?,
- Шүлхийгээс сэргийлэх вакциныг худалдаж авахдаа аль улсын ямар нэртэй компаний санал болгосон вакциныг ямар үзүүлэлтүүдээр нь хэрхэн сонгож гэрээ байгуулсан болохыг тодруулах шаардлагатай байна?.
- 2017 оны 01 сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх зорилгоор шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж байна. Түүнтэй холбоотойгоор,
- 2016 оны намрын вакцинжуулалтанд ашигласан шүлхийгээс сэргийлэх идэвхитэй дархлаа тогтоох чадваргүй “чанаргүй” буюу “идэвхигүй” вакциныг давтан хэрэглэсэн үү?, эсвэл өөр вакцин хэрэглэсэн үү?,
- Тухайн вакциныг хэрэглэсэн бол давтан хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлана уу?,
- Тухайн вакциныг давтан хэрэглээгүй бол тэр үндэслэлээ тайлбарлана уу?,
- 2017 оны 01 дүгээр сард дэгдсэн шүлхийтэй тэмцэхийн тулд хамгаалалтын бүсээс гадна маш өргөн бүс нутгийг хамарсан “вакцинжуулалт”-ыг хэрэглэж буй нь шинжлэх ухааны ямар үндэслэлтэй вэ?.
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед вакцинжуулалтанд хамрагдах бүс нутгийн хил хязгаарыг ямар үндэслэлээр, хэрхэн тогтоосон бэ?, Голомтын бүс, сэжигтэй бүс, хамгаалалтын бүсийг хэрхэн хаагуур тогтоосон зураглалаа үзүүлнэ үү?,
- Яагаад хамгаалалтын бүсээс гадна байгаа мал, амьтдыг вакцинжуулаад байна вэ?, Бодит хэрэгцээнээс илүү их хэмжээгээр захиалж, худалдаж авч ирсэн шүлхийгээс сэргийлэх вакцинаа хурдхан хэрэглэж дуусгах зорилгоор вакцинжуулах шаардлагагүй бүс нутгийн мал амьтдыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулж байна гэж ойлгож болох уу?,
- Мөн одоо нэгэнт худалдаад аваад ирчихсэн байгаа шүлхийгээс сэргийлэх илүүдэл вакцинаа хурдан хэрэглэж дуусгаад дахин шүлхийгээс сэргийлэх вакцин худалдаж авах зорилго тавьж байна гэж ойлгож болох уу?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хичнээн толгой үхэр, хонь, ямаа, тэмээг вакцинжуулалтанд хамруулсан бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хичнээн тун шүлхийгээс сэргийлэх вакцин хэрэглэсэн бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хичнээн төгрөгний үнэ бүхий шүлхийгээс сэргийлэх вакцин хэрэглэсэн бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хичнээн толгой үхэр, хонь, ямаа, тэмээ устгасан бэ?,
- Одоогийн байдлаар зайлшгүй шаардлагаар устгасан малын нөхөн төлбөрт хичнээн төгрөгний зардал гаргасан бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед вакцинжуулалтын үйл ажиллагааны зардалд хичнээн төгрөг зарцуулсан бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед халдваргүйтгэлийн зардалд хичнээн төгрөг зарцуулсан бэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас эхлэн дэгдсэн шүлхийтэй тэмцэх үед хорио цээрийн зардалд хичнээн төгрөг зарцуулсан бэ?,
- Шүлхийн халдвар дэгдсэн хот айлын мал сүргийн дотроос шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн цөөн тооны малыг ялган устгахыг шинжлэх ухааны ямар үндэслэлд тулгуурлаж хэрэгжүүлсэн бэ?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн цөөн тооны малыг ялгаж устгаснаар халдварын голомт бүрмөсөн устах уу?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтад нь шүлхийн вирусийн халдвар тээгчид мөн үү?, биш үү?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтдад шүлхийгээс сэргийлэх вакцин тарьчихаар тэдгээр мал сүрэг нь халдвар тээгчид биш болчихно гэж үзэж байна уу?,
- Шүлхийн эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлсэн бөгөөд устгагдсан тэдгээр цөөн тооны малтай хамт нэг хотонд байсан салаа туруутан мал амьтдыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар вакцинжуулж буй нь шинжлэх ухааны ямар үндэслэлүүдтэй вэ?,
- Сүхбаатар аймгийн хоёр суманд шүлхий дэгдэхэд шинжлэх ухааны ямар үндэслэлээр зүүн зүгийн аймгуудын бүх салаа туруутан мал, амьтдыг вакцинжуулж байна вэ?,
- 2017 оны 01 сараас эхлэн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад шүлхий, хонины цэцэг гоц халдварт өвчнүүд дэгдчихсэн байх үед зүүн аймгуудаас хурдан морьд авчирч Улаанбаатар хотод Дүнжингарав уралдаанд оролцуулж буй нь шүлхий, хонины цэцэг - гоц халдварт өвчнүүдийн халдварын тархалтанд нөлөөлөх үү?, “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын 8.2.1 заалтыг зөрчиж байгаа гэж үзэх үү?, үгүй юу?,
- Дүнжингарав хурдан морины уралдааныг ХХААХҮЯ болон ЗГХАМЭҮГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар дэмжиж, хамтран зохион байгуулсан гэж ойлгож болох уу?,
- Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу OIE нь шүлхийгээс сэргийлэх вакцин, вакцинжуулалтын талаархи шаардлага зөвлөмжиндөө шүлхий голомтлон гардаг бүс нутгийн мал, амьтдыг вакцинжуулахад ашигладаг вакцины нэг тунд агуулагдах тухайн вирусийн хэвшлээс хамгаалах тун нь 6 PD50-аас доошгүй байхыг зөвлөмж болгодог. 2012 оноос өмнө ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ ч шүлхийгээс сэргийлэх вакцин худалдаж авахдаа тийм шаардлага тавьдаг байсан. Энэ шаардлага хэвээрээ байгаа юу?, Өөрчлөгдсөн болбол өөрчилсөн үндэслэлээ тайлбарлана уу?. Хэрэв нууц биш бол ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ 2013, 2014, 2015, 2016 онуудад худалдаж авсан шүлхийгээс сэргийлэх вакцины цувралуудын сорьцонд хөндлөнгийн хараат бус, эрх бүхий, чадамжит лабораториор хийлгэсэн шинжилгээний “certificate of analysis” буюу чанарын хяналтын дүгнэлтийн хуулбарыг нь энэхүү өргөдлийн хариунд хавсаргаж нийтэд мэдээлүүлэхийг хүсье?.
Сүүлийн үед мал амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний худалдааны хорио цээрт шүлхий өвчний дэгдэлт манай улсад хэдэнтээ тохиолдож, түүнтэй холбоотойгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газраас авч хэрэгжүүлэн явуулж буй зарим арга хэмжээний талаар тодруулах шаардлагатай гэж үзсэн дээр дурдсан хэдэн асуудлуудын талаар Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулинд нийцүүлэн энэхүү өргөдлөөр дамжуулан хариулт авахыг хүсэж байна.