Бруцеллёзоос сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлгүй вакцинжуулалтын “бодлого” гэгчийн хэрэгжилтийг зогсоох тухай шаардлага

Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар  танаа

Бруцеллёзоос сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлгүй
вакцинжуулалтын “бодлого” гэгчийн хэрэгжилтийг зогсоох тухай шаардлага

 

Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын мал сүргийг “бруцеллёзоос эрүүлжүүлнэ”, “бруцеллёзоос сэргийлнэ” гэх уриатайгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар нь манай улсын үхэр, хонь, ямаан сүрэгт “масс вакцинжуулалт” гэгч ямар ч бодлогогүй, шинжлэх ухааны үндэслэл, судалгаа байхгүй, хэвлэлийн мэдээлэл, гадаад, дотоодын хорлон сүйтгэгчдийн үг, зөвлөмжийг дагаж  утга учиргүй туршилтыг явуулсаар ирлээ.

Энэ бодлогогүй туршилтаа зогсоохыг шаардаж байна.

  • Вакцин бол эмчилж, эрүүлжүүлдэг бүтээгдэхүүн биш ээ. Вакцин бол сэргийлэх зориулалттай бүтээгдэхүүн.
  • Эрүүл, халдварын эрсдэлгүй мал сүрэгтээ вакцин тарьж буй нь эрүүлжүүлж буй хэрэг бус, харин экологийн цэвэр, ногоон сүрэгээ бохирлож, бузарлаж буй хэрэг.
  • Өндөр хөгжилтэй орнуудад вакцин тарьсан малын махыг иддэггүй. Вакцин тариагүй малын махыг иддэг юм. Вакцин тариагүй малын мах нь вакцин тарьсан малын махнаас илүү өндөр үнэтэй байдаг юм.
  • Монголчууд бид заавал вакциндсан малын мах  идэх ёстой юу? Хэрэглэгчдийн энэ асуултанд Та юу гэж хариулах вэ?
  • Эрүүл, эрсдэлгүй сүргээ, сүргээрээ дамжуулж ус, бэлчээрээ вакцины амьд нянгаар бузарлуулж, зах зээлээ хаалгасан малчны хохиролыг хэн нөхөн төлөх вэ?

Утга учиргүй гэхийн учир нь зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд  тус яам, агентлагын “бодлого” гэгч бодлогогүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, манай улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогт тохирохгүй, гадаад орны мэргэжлийн бус нэгэн “эксперт”-ийн “туршилт-явуулга”-аар явуулж ирсэн үйл ажиллагаануудаас тодорхой харагдана.

Баримт түшие. Сүүлийн 10 жилд  ХХААХҮЯ, ЗГХА МЭҮГ нь бруцеллёзоос сэргийлэх вакциныг “бодлого”-оор захиалж, үйлдвэрлүүлэн улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч аймгуудад хүргүүлсэн байдал:

  1. 2008 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 3.746.600 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 421.750 тун,
  2. 2009 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 3.043.400 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 353.380 тун,
  3. 2010 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 5.799.000 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 466.400 тун,
  4. 2011 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 13.224.500 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 991.300 тун,
  5. 2012 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 23.717.100 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 1.821.900 тун,
  6. 2013 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 19.647.110 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 1.254.750 тун,
  7. 2014 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 15.000.000 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 1.040.000 тун,
  8. 2015 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 14.000.000 тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 500.000 тун,
  9. 2016 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 13.000.000 (16 сая тунг захиалсан байснаа төсөв хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар гэрээнд өөрчлөлт оруулж 13 сая болгосон. Эндээс мөн л бодлогоор бус, мөнгө төсөвт захирагдаж явдаг гэдэг нь ямар нэг хэмжээгээр харагдана.) тун,  Brucella abortus 19 омгийн вакцин 658.400 тун,
  10. 2017 онд Brucella melitensis Rev.1 омгийн вакцин 16.000.000 тунBrucella abortus 19 омгийн вакцин 600.000 тун,

Эндээс Монголын мал сүрэгт бруцеллёзын халдварлалт хэр зэрэг байдаг, вакцинжуулалт нь “бодлого”-той эсэх,  вакцины ханган нийлүүлэлтийн үндэслэл нь юу байдаг, мал сүргийн тоо толгойтой нь вакцины тоо, вакцинжуулалтын ажил нь уялдаатай эсэх гэх мэт бүх зүйлс тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь илэрхий харагдаад байгаа юм.  Цаашилбал,

  • Бруцеллийн халдварлалттай тэмцэж болох олон аргуудаас вакцинжуулалтын аргыг сонгож авсан нь мал, сүргийн халдварлалтын түвшинтэй холбоотой эсэх,
  • Аль аймгийн,
  • аль сумын,
  • аль багийн,
  • аль хот айлын
  • аль зүйлийн мал сүрэгт бруцеллийн халдварлалтын хувь хэд байгааг тогтоосон мониторинг, тандалт, тахалзүйн судалгаа байгаа эсэх,
  • ямар зүйлийн,
  • ямар хүйсний,
  • ямар насны мал, амьтанг вакцинжуулалтанд хамруулах судалгаа, үндэслэл байгаа эсэх,
  • Brucella melitensis Rev.1 омгийн вакцины нэг тунд агуулагдах колони үүсгэх нэгж нь хэд байх,
  • Brucella abortus 19 омгийн вакцины нэг тунд агуулагдах колони үүсгэх нэгж нь хэд байх,
  • 1975 оноос 2016 он хүртэл 40 гаруй жилийн турш явуулж ирсэн бруцеллёзоос сэргийлэх вакцинжуулалтын ажлын үр дүнг дүгнэж үзсэн судалгааны дүгнэлт байгаа эсэх,
  • Хэрэв байгаа бол, эсвэл байхгүй болбол ингээд цаашид улс орон даяар бруцеллёзын халдварлалтаас үл хамааран вакцинжуулалтыг  хавтгайруулаад үргэлжлүүлсээр л байх юм уу,
  • Одоо хүчин төгөлдөр байгаа, олон “эрдэмтэн” “мэргэд” олуулаа хамтарч боловсруулсан гэх “Бруцеллёзтой тэмцэх стратеги” гэгчийн дагуу үхэр сүргийн тухайд Монгол улсын  3-8 сарын настай бүх охин тугалыг вакцинжуулж байгаа шинжлэх ухааны үндэслэл нь юу вэ?,
  • Манай улсын хүн амын хүнсэнд хэрэглэж байгаа дотоодын сүүний ихэнхи нь үнээний сүү байгаа. Бруцеллийн халдвар  мал амьтнаас хүн амд дамжин халдварлах нэг гол зам нь боловсруулаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн болно. Нөгөө нь төллөсөн эх малын хаг. Хүн амын хүнсний зориулалттай махны хэрэглээний голлох хэсэг, ялангуяа, нийтийн хоолны үйлчилгээний хэрэглээнд үхрийн мах голлон хэрэглэгдэж байдаг. Үнээний сүү, сүүн бүтээгдэхүүн, үхрийн мах, үнээний хагаар бруцелл халдварлах ямар нэгэн эрсдэл байхгүй гэж ойлгож болох уу?. Охин тугалнаас бусад үхэр сүрэгт бруцеллийн халдварын эрсдэл  байхгүй, тэднийг бруцеллийн халдварлалтаас сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах шаардлагагүй гэж үзэж буй шинжлэх ухааны үндэслэл, ойлгомжтой тайлбар байгаа эсэх,
  • Мөн л одоогийн хүчин төгөлдөр байгаа, олон “эрдэмтэн” “мэргэд” олуулаа хамтарч боловсруулсан гэх “Бруцеллёзтой тэмцэх стратеги” гэгчийн дагуу хонь, ямаан  сүргийн тухайд Монгол улсын 3-6 сарын настай эр, охин бүх хурга, ишгийг вакцинжуулж байгаа шинжлэх ухааны үндэслэл нь юу вэ?,
  • Хөнгөлчихсөн эр хурга, ишиг бруцеллийн  халдвар авах ямар эрсдлүүд байгаа учраас вакцинжуулж байна вэ?,
  • Хөнгөлчихсөн эр хурга, ишиг  болон  1, 2, 3, 4, 5 настай хөнгөлчихсөн эр хонь, ямаа буюу төлөг, борлон, шүдлэн, хязаалан, ирэг, сэрхний хооронд  бруцеллийн халдвар тараах эрсдэл, аюулын хувьд ялгаа байгаа юу?.
  • Халдвар тараах эрсдэл, аюулын хувьд ялгаатай бол тэдгээрийг нь нэг бүрчлэн тоочиж өгнө үү?, Бодвол ялгаатай учраас зөвхөн хөнгөлчихсөн эр хурга, ишгийг вакцинжуулаад, бусад насны эр хонь, ямааг вакцинжуулахгүй  байгаа байлгүй дээ.
  • Халдвар тараах аюулын хувьд ялгаагүй бол яагаад хөнгөлчихсөн эр хурга ишгийг нь вакцинжуулаад, бусад хөнгөлчихсөн эр хонь, ямааг вакцинжуулахгүй байна вэ?. 
  • Одоогийн “бодлого” тодорхойлогчдын зүгээс өгдөг “нэн үндэслэлтэй гэх тайлбар”-аар малчны хотонд вакцинжуулалт хийхээр очсон малын эмч, мал баригч, малчин нарын тухайд тулгардаг ихээхэн “төвөгтэй, бараг шийдвэрлэх боломжгүй, хэцүү” асуудал нь эр, охин хурга ишгийг ялгах юм гэнэ. Тэгвэл тухайн хот айлд очоод хурга, ишгийг толгой дараалан барьж аваад мэдээж охин хургыг нь вакцинжуулчихна. Харин эр хурганы хүйсийг  шалгаж тодорхойлоход их хугацаа, хөдөлмөр зарцуулах уу?, эр хургыг барьж аваад вакцинжуулахад их хугацаа, хөдөлмөр зарцуулах уу? гэдгийг тогтоосон “шинжлэх ухааны нарийн судалгаа”-ны ажлын үр дүн байгаа юу?.

Энэ мэт бодит мэдээллүүдээс дүгнэлт хийгээд, миний эдгээр асуултуудад  хариулт өгөх үед ХХААХҮЯам, холбогдох агентлагын зүгээс явуулж буй бруцеллёзын вакцинжуулалтын эргэн тойрон дахь зарим ойлгомжгүй асуудлууд тодорхой болох байх гэж найдаж байна. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариугаа бичгээр ирүүлэхийг хүсье. 

2017 оны 07 сарын 06. Өдрийн сонин.