Тамын тогоо
Сэтгэдэг, бүтээдэг, мэдлэгтэй, мэргэжилтэй, оюуны болон биеийн хөдөлмөрийнхөө үр шимээр ажил, амьдрал ахуй нь боломжийн яваачуудаа толгой болон гар, хөл нь ажиллагаа багатай буюу бараг ажиллагаагүйчүүд, өөрөөр хэлбэл, өмнө нь юу ч бүтээж яваагүй, одоо ч, цаашдаа ч ямар нэгэн өнгөтэй, өөдтэй бөгөөд өөрийнх нь амьдралд төдийгүй эргэн тойрныхон, байгууллага, эх орныхоо төлөө ямар нэгэн зүйл хийж бүтээх найдлагагүйчүүд нь харааж, зүхэж, үзэн ядаж, өсөрхөн хонзогнож, баримт нотолгоогүйгээр гүтгэж, янз бүрийн “хэрэгсэл” ашиглан хорлон сүйтгэж улмаар өөрсөдтэйгээ ижилхэн дорой, ядуурал, гуйранчлалын эгнээндээ элсүүлэн бүгдээрээ нэгэн ижил амьдралын доод түвшинд хүрээд барьцаж маргалдах зүйлгүйгээр “амар сайхан жаргах”-ыг “тамын тогоо” гэж нэрлээд байгаа бололтой байдаг.
Өмнө нь би нэгэн бичвэртээ тамын ордныхоны тухай нэгэн сургамжит зохиолоос уншиж байснаа дурдсан билээ. Уг зохиолд тамын ордныхоны зовлонгийн тухай бичсэн нь бий. Тухайлбал, халуун тамынханы зовлонгийн нэгээхэн хэсэг нь төрөөд өсөж бойжоод байж байх үед нь биеийг нь хурц үзүүртэй, гал шиг халуун төмөр шороор нэвт сүлбэж тасдаад, түүнээс нь дахин амьдруулаад гэх мэтчилэн үргэлжилдэг тухай гардаг.
Тэрхүү зовлонт тамын ордныхоны хамгийн аюултай бүлэгтэй нь орчин үеийн шинжлэх ухааны ангиллаар бол эмгэгтөрүүлэгч бичил биетнүүдийг адилтгаж харьцуулж үзэж болмоор ч юм шиг. Бичил биетнүүдийг судладаг шинжлэх ухааныг микробиологи гэдэг. Микробиологи нь дотроо бактериологи буюу нян судлал, вирусологи буюу вирус судлал, микологи буюу мөөгөнцөр судлал гэх мэтчилэн салбарлана. Халуун тамынхан, хүйтэн тамынхан гэж бий гэлцдэг. Халуун, дулаан орчинд харьцангуй тэсвэртэй бактерийн бүлгийг халуун тамынхан, хүйтэн сэрүүнд харьцангуй тэсвэртэй вирусийн бүлгийнхэнийг хүйтэн тамынхан гэж жишиж ойлгож ч болмоор юм уу гэж бодогдсон.
Эмгэгтөрүүлэгч бичил биетний амьд болон идэвхигүйжүүлсэн өсгөвөр ашигладаг Женнер, Пастер нарын уламжлалт технологиор мал, амьтанд зориулсан вакцин үйлдвэрлэх үед халуун тамынхан буюу бактерийг маллаж адгуулах, өсгөж бойжуулах, тасдаж тамлаж зовоох ажлуудыг хийж байсан туршлага байна. Вакциныг үйлдвэрлэхдээ тухайн бактерийг өөр төрлийн бактери, бичил биетний сүрэгтэй нийлүүлэхгүй буюу шинжлэх ухааны хэллэгээр бол бохирдуулахгүй (contamination) байх, тэдгээрийг өвчлүүлэхгүй буюу шинжлэх ухааны хэллэгээр бол ондоошуулахгүй (dissociation) байх, халуун тамынханы хорлон сүйтгэх шинж чанарыг нь үгүй хийх (avirulence) ба сулруулах (attenuation) гэх мэтэд анхаарч ажиллах шаардлагатай байдаг. Халуун тамынхан буюу бактерийн ангиллынханы өөр хоорондын буюу дотоодын “тамын тогоо” нь ондоошил буюу dissociation гэж үзэж болохоор...“Dissociation”-ийг үгийн бүтэц талаас нь ажиглавал “dis”- үгүй, үгүйсгэх;, “social”- нийгмийн, олонхийн, сүргийн гэх утгатай хоёр үгнээс бүтсэн байна. Нийлүүлээд утгачилбал нийгмийн жишгээс гажсан, нийгэмгүйжил, сүргийн хөлийг гүйцэхгүй болох, сүргээс гээгдэх гэхчилэн ойлгож болно. Хэдэн зуун сая буюу олон тэрбумаар тоологдох бактерийн бүл дотор нэг буюу цөөн нь ондоошилтой буюу тамын тогоотой байвал тэдгээр олон бактери бүгдээрээ маш амархан ондоошлын халдварт өртөж нийтээрээ тамын тогоонд унадаг. “Муу үг модон улаатай” гэдэг шиг л хурдан тархаж нөлөөлнө. Жишээ нь ондоошсон агаартан бактериуд бүгдээрээ хоорондоо наалдаж барьцалдаад ганц хоёроороо эсвэл цөөнөөрөө салж унаж зайлна гэж байхгүй. Заавал хамтдаа л барьцалдсаар бүгдийг нь хамтад нь устгахаас өөр аргагүйд хүрдэг. Ондоошоогүй буюу тамын тогоогүй байх үедээ хоорондоо барьцалдаж наалдахгүй бөгөөд хурааж авах үед бүгдээрээ тус тусдаа байна. Бактерийг цөөнөөс олон болгон ургуулж олшруулан өсгөвөрлөх үед тэжээлт орчны гадаргуу дээр ургаж өсгөвөржсөн бактерийн бүлээс гал дээр шарсан петля буюу бактерийн гогцоо, дүүжлүүрээр тасдаж аваад дахин өөр тэжээлт орчин дээр ургуулж өсгөвөрлөөд, үлдсэн хэсгийг нь гал дээр дахин шатааж алах байдлаар дамжлага үргэлжлэнэ. Энэ нь дээр дурдсан тамын тогооныхоны зовлонтой ижилхэн ч юм шиг. Эндээс үзэхэд “тамын тогоо” гэдэг “тодорхойлолт”-ыг бактериологич мэргэжилтэй хэн нэгэн хэзээ нэгэн цагт “нээсэн” байхыг ч үгүйсгэх аргагүй мэт.
Монголчуудын хоорондын тамын тогоо нь халуун тамынханы энэ л жишиг шиг харагдаад байх юм. Хүний ордныхонд огт байх ёсгүй шинж чанар. Хүн бүр өөрт оногдсон ажлаа хийгээд явчих нь ондоошоогүй нь шинж тэмдэг. Ондоошсон буюу мэдлэггүй, чадваргүй, бүтээгч бус устгагч олхиогүйчүүд нь ондоошоогүй буюу мэдлэгтэй, чадвартай, бүтээгчид, манлайлагчдыгаа гүтгэж, доромжилж, хардаж, матсаар олхиогүйчүүдийнхээ эгнээнд оруулж авах тамын тогооны зовлонгийн шалтгаан бий болчихоод байна даа. Гандантэгчинлэн хийдийн хашаан дотор нэгэн бичиг бий. Тэнд “зовлон үнэн”, “зовлонгийн шалтгаан үнэн”, “зовлонгийн шалтаанаас ангижрах нь үнэн”, “зовлонгоос ангижрах зам мөр үнэн” гэж бичсэн нь бий. Эдгээр үнэний замаар манай улсад нүүрлээд байгаа энэ тамын тогооны шалтгааныг тогтоож, бүгдэд нь ойлгуулсаны үндсэн дээр аль болох хурдан ангижрах юмсан. Сүүлийн үед Монголчуудын дотоодын тамын тогооны зовлон төр засгийн удирдагчдаасаа эхлээд жирийн иргэд хүртлээ нилээд эрчимтэйгээр ихсээд байх шиг ажиглагдах юм. Хүмүүсийн хоорондын тамын тогооны зовлон хаанаас ирдэг вэ гэхээр холоос эсвэл огт танихгүй мэдэхгүй хүмүүсээс бус, хамгийн ойр тойрныхоноос, хамгийн сайн мэддэг хүмүүсээс ирдэг гэлцдэг нь халуун тамынханы жишээнээс ч харагдах мэт. Тамын тогоог ард иргэдийн дундах нийтийн ойлголтоор атаа, жөтөө ч гэж үзэж болох юм. Олон жилийн өмнө алдарт хүн Лодонгийн Түдэв гуайн бичсэн зарим үгсийн утгыг тайлбарласан нэгэн номонд атаа, жөтөө гэдэг үгсийн гарал үүслийн талаар бичсэн байсныг санаж байна. Жөтөө гэдэг нь жөтгөөр эмсийн хоорондын харьцаанаас үүдэлтэйгээр бий болсон гэдэг. Тэгэхээр атаа нь эрэгтэйчүүдэд, жөтөө нь эмэгтэйчүүдэд илүү хамааралтай мэт.
Ажиглаад байхад манай улсын засаг захиргааны нэгж болох баг, хороо, сум, дүүрэг, аймаг болон бараг бүх л танил тал, хамаатан садан, ажлын баг, хамт олон, байгууллага, салбар, тогтолцоон доторхи хүн хоорондын тамын тогоо нь лав л том бөгөөд эерэг амбицийн төлөө биш шиг байгаа юм. Зүгээр л утга учиргүй дайсагналцал ба жаахан хоолны төлөөх тэмцэл. Заримыг нь анзаарахад булаацалдах буюу тамын тогоо үүсгэх өчүүхэн төдий ч зүйл байхгүй байхад л бараг хэзээ ч эвлэршгүйгээр тамын тогоонд унасан байх юм билээ. Иймээс хүн бүр л эргэн тойрныхоо тамын тогооны шалтгааныг олж харахыг хичээж, ангижрах арга замыг эрж олох шаардлага тулгараад байна даа.