Мал эмнэлгийн оролцоогүйгээр мах экспортлох тогтолцоо бүрддэггүй юм гэдгийг яаж ойлгуулах вэ
Сүүлийн үед мах экспортлоод олон зуун саяас тэрбумаар тоологдох доллар олох тухай яриа их гарах болов. Мах экспортлохын зорилго нь одоо нүүрлэчихээд буй санхүүгийн хямралаас гарах нэг арга ч юм шиг, мичин жилийн зуданд үхүүлэхээс нь өрсөж хэдэн малаа нядлаж дуусгах гээд ч байгаа юм шиг. Түүнчлэн зөвхөн энэ жил хэдэн мал нядлаж махыг нь Орос, Хятад хоёрт худалдах гээд байна уу эсвэл Монголоос мах экспортлох байнгын ажиллагаатай тогтолцоо бий болгох гээд байна уу гэдэг нь ч ойлгомжгүй. Байсхийгээд л махны наймаачид, мал нядлах газрын эзэд, мах хадгалах агуулахын эзэд, мэргэжлийн хяналт хийдэг гэх газрын удирдлага, мэргэжилтэн нар, махаар наймаа хийгчдийн холбоодын гишүүд, тэргүүн гэх хүмүүс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажилладаг сайд, дэд сайд зэрэг албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, УИХ-ын байнгын хорооны дарга гэхчлэн малаар, махаар бизнес хийхийг хүсэгч нөхдүүд уулзалт, цуглаан, семинар, хэвлэл мэдээлэлд хандсан хурал, гадаад айлчлал, амлалт өгөлт, сонгууль угтсан шоу хийж байх юм.
Тэд маань малчид, мал бүхий иргэдийн хувийн өмч мал сүргийг нь ашиглаж хэрхэн бизнес хийж ашиг олох шуналын үр, хоосон тооцоогоо гаргахдаа өрцөлж, нугасалж буюу эрүүл ахуй, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй ил задгай талбайд, гар аргаар нядласан малын гулууз махыг орон нутгаас цуглуулан ачааны машины задгай тэвшин дээр хог, шороо, тоостой хольж ачиж ирээд Хүчит шонхор, Дэнжийн 1000, Хархорин, Нарантуул зэрэг зах дээр зардаг шигээ л төсөөлсөөр байх юм.
Одоо аливаа ашигтай, тогтвортой бизнес мэдлэгт тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй явагддаг болсон гэдгийг соёлт хүн төрөлхтнөөс аль болохуйц хурдан суралцаж баймаар байна. Алийн болгон нүүдэлчин сэтгэлгээгээр явах вэ дээ.
Малаар, махаар наймаа хийх хүсэлтнүүд маань яаж энэ бизнесээ амжилттай, тогтвортой явуулах, түүнд ямар мэдлэг хэрэгтэй талаар огт боддоггүй бололтой юм. Зөвхөн үнийн зөрүүнээс хэдэн төгрөг олохоо л тооцно. Нэг талаас ямархуу чухал ач холбогдолтой, нөгөө талаас ямархуу аюултай бизнес хийж буйгаа ч ойлгодоггүй.
Махны наймаа бол хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдааны чөлөөт байдалд тавигддаг бүх л шаардлагуудыг хангасан нөхцөлд явагддаг байх ёстой. Ялангуяа тогтвортой экспорт мөрөөдөгчид олон улсад дагаж мөрддөг тийм шаардлагуудыг дагаж, мөрдөхгүй бол хэзээ ч махаар тогтвортой бизнес хийж чадахгүй. Яахав хааяа хулгай, хуйвалдаанаар тохиолдлын чанартай худалдаа хийдэг байж магадгүй л юм.
Махаар тогтвортой бизнес хийе гэж бодож байвал түүнд заавал оролцогч талуудтай маш нягт хамтын ажиллагаатай байх хэрэгтэй. Уг бизнест заавал оролцох ёстой талуудын нэг нь мал эмнэлэг, малын эмч. Мал амьтан болон махны эрүүл, аюулгүй гэдэг баталгааг гаргагч нь мал эмнэлгийн мэргэжлийн салбар гэдгийг ойлгож авах ёстой.
Мал эмнэлгийн оролцоогүйгээр буюу тухайн импортлогч улсын талаас ба олон улсад махны экспортонд шааррддаг шинжилгээг хийх чадавхигүй мал эмнэлэг ба мэдлэг, чадвар багатай малын эмчтэй хамтран ажиллах юм бол малаар болон махаар тогтвортой, ашигтай бизнес эрхлэх нь бас л бүтэлгүй болно. Тиймээс мал эмнэлэг, малын эмчтэй хамтарч ажиллахын зэрэгцээ чадавхи, мэдлэгээ дээшлүүлэх шаардлагыг тэдэнд байнга тавих хэрэгтэй. Шаардлага хангахгүй мал эмнэлэг, малын эмчээс үйлчилгээ авахгүй байх хэрэгтэй. Импортлогч, экспортлогч талууд ингээд шахаад, шаардаад өгвөл мал эмнэлгийнхэн маань ойлголтоо зөвтгөж, чадавхиа дээшлүүлэхэд ч түлхэц болно гэж бодож байна.
Ер нь цаашид шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурласан бизнес хийхээс өөр гарцгүй болно. Худалдан авагч талынхаа шаардлагыг ойлгож харилцах хэрэгтэй. Тухайлбал, Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин гуай манай улсад айлчлахдаа “танай улсын мал эмнэлэг чинь эрүүл, аюулгүй байдлын баталгааг гаргаж чадвал манайх танай улсаас мах импортлоё” гэж хэлчихээд явсан гэдэг. Түүнээс хойш Путины тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд манай улсын мал эмнэлгийн чадавхийг сайжруулах талаар юу ч хийгээгүйгээр үл барам мал эмнэлгийн чадавхийг улам дордуулах, улмаар устгах үйлдэл хийсээр л байж байна. Уналт тасралтгүй үргэлжилсээр л байгаа. Тэгсэн мөртлөө мал, мах экспортлох гэдэг улиг болсон, хоосон мөрөөдлөө бүх түвшиндээ ярьсаар л сууцгаах юм. Эхлээд малаа бэлтгэх тогтолцоо бий болгохоо ч ухаарахгүй.
Зөв шаардлага, заавар, дүрэм, журам, хууль эрх зүйн актуудыг мөрдөх хэрэгтэй. Шаардлагагүй, буруу, гаж тогтолцоотой субьектүүдтэй харьцахгүй байх хэрэгтэй. Тэд бол хүнд суртал, дарамт учруулахаас цаашгүй. Тухайлбал, шинжлэх ухаан, зүй тогтлоор бол мах экспортлох эрх олгодог, экспортлогч үйлдвэрийг сонгож тодорхойлдог субьект нь мэргэжлийн хяналтын газар, байцаагч нар биш. Тэднээс зөвшөөрөл авах гэж төөрөлдөж явахын оронд мал нядлах газар, үйлдвэрээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахуйц түвшинд хүргэж чадавхижуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гадаадад ч, дотоодод ч махаа өндөр үнэ хүргэж борлуулах боломж бий болно. Хаана ч хэрэглэгч нар бол эрүүл, аюулгүй, экологийн, ногоон бүтээгдэхүүнийг эрхэмлэх нь нэмэгдсээр л байгаа шүү дээ.
Мал, мах экспортлоод малчид, иргэд, улс орноо баяжуулчих гээд байгаа УИХ-ын гишүүд маань өөрсдөө ч сайтар ойлголтгүйгээр хоосон мөрөөдөл ярьж, малчид, иргэдэд таалагдах гэж өмнө нь олонтаа ашиглаад одоо бараг хүн бүр мэддэг болчихсон, хэрэглэвэл амжилт олох магадлал маш багатай хууран мэхлэлт, ам мэхний аргаа хэрэглэнэ гэж бодож суухгүйгээр одоо их хурал дээр очоод дарагдчихсан байгаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг яаралтай хэлэлцүүлээд батлуулаад өгвөл тэр нь нэг талаас УИХ-ын гишүүдийн хийх ёстой үндсэн ажил нь бөгөөд нөгөө талаасаа малыг, махыг эргэлтэнд оруулах үүд хаалга сайтар нээгдэх, малчид, мал бүхий иргэд, мал эмнэлэг зэрэг холбогдох субьектүүдийн оролцоо, эрх, үүргийг тодорхой болгож харилцааг нь зохицуулахад ихээхэн тус хүргэх юм. Ялангуяа, орон нутгаас сонгогдсон, дараачийн сонгуулиар орон нутагт нэр дэвших бодолтой байгаа УИХ-ын гишүүд уг хуулийг барьж аваад, дэмжээд, дэмжүүлээд явбал сонгуульд амжилттай оролцоход нь ихээхэн тустай байх болов уу гэж бодож байна. Малын эмч бид нар ч хэр чадлаараа туслаж хамтран ажиллахад бэлэн байх болно.