Өнөөгийн мал эмнэлгийг өөрчлөхөөс өөр аргагүй

Өнөөгийн мал эмнэлгийг өөрчлөхөөс өөр аргагүй

 

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарын сонорт:

 

Одоогийн байдлаар манай улсын  мал эмнэлгийн тогтолцоо нь  үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүн хоорондын уялдаа холбооны хувьд дэлхийн олон оронд тогтсон жишигтэй харьцуулж үзэхэд ойлгоход төвөгтэй, тайлбарлахад ч хэцүү  буюу засаг захиргааны нэгжүүдэд байгаа мал эмнэлгийн байгууллага, малын эмч нь ямар эрх, үүрэгтэй байх,  аль субьект нь ямар ажил, үйлчилгээг хариуцах, хэн нь хэнийхээ удирдлага, харьяалалд ажиллах, хаана хэнд ажлаа тайлагнаж, ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй, мал эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагааг малын их эмчээс гадна малын бага эмч, зоотехникч зэрэг туслах мэргэжлийнхэн эрхлэх эрхтэй гэх мэт шинжлэх ухаан, зүй тогтлоос нилээд гажуудсан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар мал эмнэлгийн салбар маань толгойгүйгээр буюу монгол улс мал эмнэлгийн албаны дарга бөгөөд ерөнхий эмчгүйгээр хагас жилийн нүүр үзэж байна.

Бодлогын хомсдол:

Дэлхийн олон оронд тогтсон жишгээр тухайн улсын төр засгийн зүгээс мал эмнэлгийн талаар тогтвортойгоор баримтлан явуулдаг бодлого нь мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын баталгааг гаргуулах, нийтийн эрүүл мэндийг  хамгаалах, экспорт, импорт,  дотоодын зах зээл дэх худалдааны  чөлөөт байдлыг хангах, мал, амьтантай зүй бусаар харьцахгүй байхад  чиглэдэг.

Харин манай улсын төр, засгаас мал эмнэлгийн талаар явуулж буй бодлого нь дээр дурдсан олон улсын хандлагын эсрэг чиглэлтэй. Дэлхийн мал эмнэлгийн бодлогын зарим нь манайд огт дурдагдахгүй. Мал сүрэгтээ  халдвар тархаах, эрүүл ба өвчтэй, халдварлах ба хордох эрсдэлтэй эсэхийг нь үл харгалзан хортой, хоруу чанартай  эм, вакцин тарьж хордуулж халдварлуулах,  гадаадаас халдвартай, хордлоготой мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэх бололцоог бүрдүүлэх, халдварлуулсан, хордуулсан малын мах, сүүгээр дамжуулан хүн, амынхаа эрүүл мэндийг хорлох, халдварын голомтноос гадагш халдвар тархаах, халдварыг нуун дарагдуулах, нууц хэлбэрт шилжүүлэх, чанар муутай бүтээгдэхүүн импортлох гэх мэт бодлоготой ч юмуу, бодлогогүй ч юмуу  үйл ажиллагааг олон жилийн турш явуулж байна даа.  Сүүлийн жилүүдэд ХХААЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал-эмнэлэг үржлийн газар нь мал эмнэлгийн салбарын ажил, үйлчилгээ болон мал, амьтны өвчний нэрийг ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлсэн хэлбэртэй харагдуулаад хаанаас нь хэрхэн авлигал авахыг бодолцсон ганцхан зорилгын үүднээс мал эмнэлгийн салбарын голлох ажил, үйлчилгээний бодлогыг тодорхойлж ажилладаг болсон. ХХААЯ, МЭҮГ-т байдаг малын эмч ажиллах ёстой цөөн ажлын байруудад нь хэнтэй нийлж хэрхэн авлигал авах боломжийг эрэн хайгчид, зөвхөн ажлын байран дээрээ хэрхэн тогтож үлдэхийг бодон өдөр өнжөөгч ажлын байрны бөглөөсүүд, мэргэжлийн бусчууд, тус салбарын бизнесийг бохирдуулагч зарим компаний төлөөлөгчид гэх мэт нь ажилладаг болсон. Монгол улсын мал эмнэлгийн бодлогыг тодорхойлох нь бүү хэл маргааш ажил дээрээ очоод юу хийхээ төлөвлөх мэдлэггүй бөгөөд  чадваргүй этгээдүүд үнэмлэхүй олонхи нь болсон байгаа.

Мэргэжлийн ажил, үйлчилгээний хомсдол:

Орон нутагт буюу аймаг, хот, сум, дүүрэг, баг, хороонд ажиллаж буй малын эмч нар нь мал, амьтантай харьцаж, малын эмч-мэргэжилтэн гараараа юу хийж чадахыг үйлчлүүлэгчид буюу малчид, мал, амьтны эздэд үзүүлэгчид байх ёстой. Харамсалтай нь амьдрал практик дээр клиник үзлэг, оношлогоо, эмчилгээ, мэс засал, ардын уламжлалт эмчилгээ,  эмийн эмчилгээ хийгээд амьдралаа залгуулж яваа малын эмч нар өдрийн од шиг цөөрч, зөвхөн төр, засгаас малчдад үнэгүйгээр өгсөн вакциныг дунд нь зуучлан тарьж хэдэн төгрөг олдог малын эмч нар үнэмлэхүй олонхи болсон. Иймээс мал эмнэлгийн мэргэжлийн  ажил үйлчилгээ эрхлэх мэргэжлийн мэдлэг, чадваргүй зоотехникч, малчид болон мэргэжлийн бусчуудаас ялгарах юмгүй болоод ажлын байрныхаа ихэнхийг тэдэнд булаалгачихаад зарим нь боол мэт чимээгүйхэн, зарим нь өөр хоорондоо гомдоллож гоншигоносон  амь аргацаагсад болцгоогоод явцгааж байна. Энэ бол мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэгчид хомсдсоны илрэл.

Хүний нөөц, малын эмч бэлтгэл буюу сургалтын хомсдол:

Мал эмнэлгийн сургууль маань ямархуу этгээдүүдийн гарт шилжиж сүйрлийн замдаа ороод явж байгааг “Өдрийн сонин”-ны 2014 оны 12 сарын 05-ны дугаарт бичсэн байгаа. Одоо түүнээс ч дордсон. Авлигачны бөгс долоогчид, мэргэжилгүйчүүдийн гарт 100% шилжсэн. Тэндээс сайн малын эмч бэлтгэхийг хүлээх өчүүхэн ч найдлага өнөөдрийн тухайд байхгүй. Сайн мэргэжилтэн буюу малын эмч бэлтгэх нь тэдний зорилго бус, зүгээр л олон хүүхэд хууран мэхлэж элсүүлэн сургалтын төлбөр авч цалин олж амь зуух нь тэдний үндсэн зорилго. Аль болохуйц олон бакалавр, магистр, докторын диплом л худалдах  зорилготой.

Судалгааны хомсдол.

Монголын мал эмнэлэгт суурь буюу стратегийн чиглэлийн судалгаа гэх ойлголт байхгүй. Судлаачид гэгчид нь мал эмнэлгийн шинжлэх ухааны нэр барьсан залилан хийгчид. Төсвөөс цалинжаад, дээр нь гадаад, дотоодын төслийн ажил эргүүлээд давхар цалин хүүлэгчид. Шинжлэх ухаан, технологийн сан гэгчид ХХААЯ, БСШУЯ-аар дамжуулж захиалгаа өөрсдөө гаргаж өгөөд гүйцэтгэгчээр нь өөрсдөө шалгарчихдаг залилангийн сүлжээ бий болгочихсон. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчил тэнд бий. Нэг асуудлыг хэдэн өөр нэрээр явуулаад хэдэнтээ шалгараад төсвөөс мөнгө хулгайлдаг. Практикт нэвтэрсэн судалгааны  үр дүн бараг л байхгүй. Хаана ч баталгаажуулаагүй амьд вакцин гэгчийг хөдөө орон нутагт иргэдийн  хувийн мал сүрэгт тарьж туршилт хийн халдвар тархааж хорлон сүйтгэл учруулдаг. Эрдэмтэн хүний үйлдэл, эрдэм шинжилгээний ажлын туршилт хийж байгаа нь тэр гэж мэргэжлийн ойлголтгүй хүмүүсийн тархийг угаадаг. Харьяалах ёстой  яам, их сургуулиас нь ямар ч хяналт тавьдаггүй, эзэнгүй зэрлэг сүрэг шахуу хэдэн судлаачид гэх хүмүүстэй. Тэндээс олон улсад хүлээн зөвшөөрөгдөх  судалгааны үр дүн нэг ч гарахгүй нь бараг тодорхой. Өндөр хөгжилтэй орнуудад амьтны ямар нэгэн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дундажаар 12-14 жил зарцуулдаг. Харин манай ХХААЯ, БСШУЯ нь  1.5-2 жилийн дотор вакцин бүтээлгэх захиалга өгөөд л,  манай мал эмнэлгийн судлаачид нь 50-100 сая төгрөгний төсөвт багтаагаад 1-2 жилийн дотор вакцин, оношлуурыг хэд хэдээр нь бүтээчихдэг шидтэй. Миний мэдэхээр л ийм хууран мэхлэлтийг олон жилийн турш хийж байна даа. Бүх талаас нь иж бүрэн судалсан бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл гэж сонсогдоогүй. Мал эмнэлгийн шинжлэх ухааны нэр ашигласан иймэрхүү л бүлэг луйварчид байна даа.

Малын эмийн талаархи бодлогын хомсдол.

ХХААЯ-ны дэргэдэх Малын эмийн салбар зөвлөл нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр мал эмнэлгийн хэрэглээнд ашиглах зориулалт бүхий эм, вакцин, бэлдмэлийг бүртгэлд оруулах асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг зөвлөлийн бүрэлдэхүүн нь харьцангуйгаар эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, стандарт,  чанарын хяналт, бүртгэлд тавигдах шаардлагын талаар мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдэх шаардлагатай. Гэтэл сүүлийн жилүүдэд эм, эмийн тун, стандарт, чанарын хяналт, хэрэглэх заавар, зориулалтын талаар үсэг ч мэдэхгүй этгээдүүд малын эмийн салбар зөвлөлийг удирдаад, манай мэргэжил нэгтнүүд хөхүүлэн дэмжээд л явж байна. Хөдөө аж ахуйн машин механизмын инженер, зоотехникч нар хэдэн жил малын эмийн салбар зөвлөлийг удирдсан. Тэр үед тус зөвлөлийн үйл ажиллагааг сайн дураараа түр зогсоохыг уриалаад тусыг эс олсон. Одоо бүр ч дордсон. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилгүй, ямар мэргэжилтэй нь үл мэдэгдэх  нэгэн этгээд  удирдаад л манай улсын малын эмийн  зах зээл дээр ямар эм, вакцин худалдаж борлуулахыг заагаад л зогсож байна даа. Эм, вакцины чанарын талаар ганц хоёр асуудал хөндсөн зарим малын эмчийн ажлыг нь булааж авах, огцруулах үүргийг хамтран хулгай хийдэг манай мэргэжил нэгтнүүдэд өгөөд, тэдний зарим нь түүний үгэнд автаж малын эмчээ огцруулах санаачилга гаргаж, захидал бичээд л байж байна даа. Монголыг чанаргүй, хуурамч, хортой  малын эмээр дүүргэхэд малын эмийн талаар үсэг ч мэдэхгүй этгээдээр удирдуулсан малын эмийн салбар зөвлөл ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх талаар шаардлага тавьсан нэгнийг  нэг өдрийн дотор малын эмийн салбар зөвлөлөөс хөөгөөд, хууль бусаар вакцин бүртгэх ажиллагааг ганц хоёрхон өдрийн дотор гүйцэтгээд, хууль бусаар худалдан авах замыг нь засчихдаг  чадвартай этгээд л энэ зөвлөлийг ийнхүү толгойлоод байгаа нь манай малын эмч нарт таалагдаад байгаа бололтой. Сүүлийн 3 жилд энэ зөвлөлийн даргын оролцоотой хийж буй луйвар хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэхүйц хэмжээнд хүрчихээд л үргэлжилж байна.

Малын эм, биобэлдмэлийн хэрэглээг гамшгийн хэмжээнд хүргэж байгаа хоёрдахь гол субъект нь Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори болно. 1998 оноос хойш тус лабораторийн удирдлагад мал эмнэлгийн салбарыг сүйрэлд хүргэж буй нэгэн луйварчин-авлигачны бие төлөөлөгч нарыг ХХААЯ ээлж дараалан томилдог болсон. Тус луйврын бүлэгт таалагдахгүй захирал томилогдвол түүний талаар матаас бичүүлэх, гүтгэлэг тараах, дарамтлах зэргээр ажиллах боломжгүй болгосоор ажлыг нь дээрэмдэж авна. ХХААЯ-ны сайдаар ИЗН, АН-ын гишүүд ажиллаж байх үед тэдгээр намын харъяалалтай мэргэжилтнүүдийг тус лабораторийн  захирлаар томилсон нь нөгөө авлигачин-луйварчны бүлгийнхэнд таалагдаагүй учраас даруйхан огцруулсан. Тэгээд хууль бус хуурамч, дуураймал эм, бэлдмэлийг нь онцгой сайн чанартай гэдэг хуурамч дүгнэлтийг маш шуурхай гаргаж өгдөг мэргэшсэн луйварчдын багийн гишүүдээс нэгийг нь МЭЭСБУЛ-ийн захирлаар ХХААЯ-аар дамжуулан захиалга өгч томилуулна. Яг өнөөдрийн байдлаар тэр үйл явцын ээлжит нэгэн дугаар нь явагдаж байна.

Энэ хоёр субьект нь Монголын мал сүргийг хортой, хуурамч, чанаргүй, дуураймал эмийн далайд живүүлж, дамаараа хүн амын эрүүл мэндийг хордуулахад онцгой гавьяа байгуулж, мал эмнэлгийн салбар дахь авлигалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар явж байна даа.

Мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын хомсдол

Бодоход уг нь мал эмнэлгийн салбарын хаа нэгтээ мэргэжилд харшилсан, мэргэжлийн бус болон мэргэжлийн дагуу явагдахгүй байгаа үйл ажиллагаа мэдээлэгдэж, оршиж байвал түүнийг засаж залруулах үүрэг нь мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын албанд харьяалагдаж баймаар байгаа юм. Одоогийн мал эмнэлгийн бүх л салбарын үйл ажиллагаа нь мэргэжлийн бус, мэргэжилд харшилсан, холбогдох хууль, журам, заавар, стандарт зэрэг эрх зүйн актуудыг алхам тутамдаа зөрчсөн байдалтай явагдаж байхад манай мал эмнэлгийн мэргэжлийн хяналт нь тэдгээрийг мэдрэхгүй, илрүүлэхгүй, хянахгүй, тэмцэхгүй, хуйвалдсан байдалтай оршин тогтносоор л байна. Уг нь орших уу, эс орших уу гэж асуух цаг аль хэдийн болчихоод л байгаа юм. Заримдаа мэргэжилгүй мэргэжлийн хяналт ч юмуу гэж бодогдохоор байдаг.

Мал эмнэлгийн эм, бэлдмэлийн үйлдвэрлэлийн хомсдол

1900-аад оны эхээр Оросын нэгэн малын эмч, судлаач эх суурийг нь тавьсан бөгөөд улмаар Монгол улсын мал эмнэлгийн салбарын  сургалт, судалгаа, үйлдвэрлэл, лабораторийн үүсэл хөгжилтэй холбогддог ганц үйлдвэрийн газрыг манай улсын үе үеийн малын эмч нар гадаад улсуудын мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлж эдүгээ хүртэл авч ирсэн. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нь тухайн үедээ зориулалтаа хангаж байсан ч одоо олон улсын ижил нэрийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чадвар нь нилээд буурсан. Сайн чанартай, олон улсад өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг мал эмнэлгийн салбарынхан  байгуулж чадахгүй байна. Эсрэгээр нь гадаадаас хортой химийн бодис оруулж ирээд хольж савладаг хуурамч, дуураймал эмийн үйлдвэрлэл бий болох хандлага л байна. Уг нь экологит хал багатай, гадаад, дотоодод өрсөлдөхүйц идэвхит чанартай, хорт болон хоруу чанар багатай, нэмүү өртөг шингэсэн, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө мэдлэг, чадвараа дайчилмаар байгаа юм. Хүний нөөц, мэргэжилтнүүдээ ч сургаж, мэргэшүүлэх чиглэлээ мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл тийш хандуулмаар байна.

Оношлогоо, судалгаа, шинжилгээний лабораторийн хомсдол

Галзуу, боом, сүрьеэ, шувууны томуу гэх мэт хүн ба мал, амьтанг аль алиныг нь өвчлүүлдэг зооноз өвчнүүд болон шүлхий, үхрийн  мялзан, гахайн мялзан, хонины цэцэг, ямааны цэцэг гэх мэт  олон улсын худалдааны чөлөөт байдалд нөлөөлдөг гоц халдварт өвчнүүдээ найдвартай оношлочихдог, дээр нь антибиотик, эм, хортой бодисын үлдэгдлийг мах, сүү, арьс шир гэх мэт мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагдаж буй эсэхийг нь илрүүлээд шинжилчихдэг, орчин үеийн оношлогооны дэвшилтэт аргуудыг ашиглачихдаг лабораториудтай болох шаардлагатай. Түүнчлэн бусад халдварт, халдваргүй, паразит, хордлогот өвчнүүдийг ч мэргэжлийн өндөр түвшинд, найдвартай оношлодог лабораториуд чухал. Шинэ болон дахин сэргэж буй өвчнүүд ч аймшиг дагуулж байна шүү дээ. Алийн болгон мэдрэхүйн эрхтний шинжилгээ буюу харж, үнэрлэж, долоож, тэмтэрч үзэх шинжилгээ хийх вэ дээ. Соёлт хүн төрөлхтөн хараат бус, мэргэшсэн, итгэмжлэгдсэн лабораторийн тодорхой аргачлалаар хийсэн сорилт, шинжилгээний дүнд л итгэж үнэмшдэг болсныг ойлгох цаг иржээ. Итгэмжлэлийнх нь хүрээнд хамаарахгүй байхад өрсөлдөгч компаний захиалгаар  бусдын бүтээгдэхүүнд судалгаа хийж  дүгнэлт гаргадаг, хуурамч дүгнэлт гаргаж өгч өндөр төлбөр авдаг,  захиалгат дүгнэлтийг бөөндөж  гаргадаг, буруу онош тавьчихаад улайм цайм хамгаалаад зогсдог лабораториуд манайд бий шүү дээ. Лаборатори бол хамгийн эхэнд глобальчлагдах ёстой салбар. Зөвхөн Монголдоо гэх ойлголт тэнд байх ёсгүй. Тиймээс салбарын хөгжлийг түүчээлэгчдийн нэг нь лаборатори. 

Энэ мэтчилэн мэргэжлийн  буюу шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлгийн бодлого, ажил, үйлчилгээ, сургалт, судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл нилээд гажуудсан байгааг ухаарч улмаар засаж залруулан зөвтгөл хийх зайлшгүй шаардлагатай байна. Энэ салбарыг бүхэлд нь өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Өөрчлөлтийг эхлүүлэхдээ нэг өдрийг ч алдмааргүй байгаа юм.

Өдрийн сонин
2015.06.04