Дархлааны хомсдолтой мал эмнэлгийн салбараа эмчилцгээе

Дархлааны хомсдолтой мал эмнэлгийн салбараа эмчилцгээе

Монгол хэл, бичиг, соёл, үндсэн хууль, батлан хамгаалах гэх мэт нийгмийн олон салбарт хөндөж болохгүй үнэт зүйлс, алтан зарчимд нь харшилсан халдалт тохиолдох үед дархлааг  нь муутгаж, алдагдуулах гэж  байгаа талаар сэрэмжлүүлж ярьж бичих явдал хааяа анзаарагддаг. Чухамдаа  тухайн салбарын  дархлааны эс, эд, эрхтэн нь яг тэр юм гэж тодорхойлоогүй боловч  хэн нэгэн мэргэжилгүйтэн, мэдлэггүйтэн, шуналтан, хорлон сүйтгэгч  хүссэн үедээ дур зоргоороо халдаж хөндөж, өөрчлөөд байж  болохгүй бүрэлдэхүүн хэсэг үндэстнийг тодорхойлсон, онцгой субъект, нийгэмд ерөнхийд нь хамаарал бүхий үнэт чанартай, мэргэшсэн, төрөлжсөн гэхчлэн нийгмийн бүх л салбар, хүрээнд байгаа нь эргэлзээгүй.  Дархлаатай холбоотой асуудал голчлон мэдлэг, чадвар маруухан, ёс зүйгүй, бодлогогүй албан тушаалтан, үйлчлэл муутай бөгөөд дутуу дулимаг боловсруулсан эрх зүйн зохицуулалттай холбогдож дурдагдах нь олонтаа сонсогддог. Манай мал эмнэлгийн салбарын дархлаа л лав мэргэжлийн ойлголт багатай мэргэжилтэн, албан тушаалтнууд, буруу  үйлчлэлтэй хууль, эрх зүйн актуудтай холбоотойгоор хомсдолд орсон байгаа. Хүн болон адгуусны ордны амьтны дархлааг дотор нь төрөлхийн ба олдмол,  идэвхтэй ба идэвхгүй, эс зуучлалын ба эсрэгбие зуучлалын, ерөнхий ба тогтолцооны гэх мэтчилэн ангилж үздэг. Аливаа бодгалийн тухайд эдгээр бүх дархлаа нь байнга өндөр идэвхтэйгээр ажиллаж байх нь үгүй. Зарим нь байнгын ажиллагаатай байхад зарим нь зөвхөн шаардлагатай үед л ажиллагаанд орно. Дархлааны тогтолцоо бол нилээд харгис шинжтэй. Нэг талаас тоталитор дэглэмтэй улстай адилтгаж болохоор. Нөгөө талдаа үнэхээр шударга. Тэнд ямар нэгэн авлигал, хууль бус тохиролцоо байхгүй. Гадныхан буюу өвчин үүсгэгч бичил биетнүүд орж ирсэн үед нь өчиггүй устгаад, үйл ажиллагаагаа хэвийн гүйцэтгэхгүй байгаа болон хэвийн бус үйл ажиллагаа явуулсан өөрийнхөө эсүүдийг буюу иргэдийг  ч  хайр найргүй цаазлаад явчихдаг тогтолцоотой улс оронтой жишиж болно. Байгууллага, салбар, нийгмийг зарим талаар нь нэг бодгальтай адилтгаж үзэж болохоор байдаг. Бодгалийн биемахбодийг бүгдийг нь хамарсан ерөнхий дархлаанаас гадна тухайн тогтолцоо, эрхтний дархлаа гэж бас бий. Тухайлбал, тархи, уушиг, элэг, гэдэс гэх мэт эрхтнүүдэд зөвхөн тухайн эрхтнийхээ дархлааг хариуцдаг эсүүд бий. Нийгмийг нэг бодгаль гэж үзвэл салбарууд өөр өөрийн дархлаатай байх нь зүйтэй. Нийгмийн нэг хэсгийнх нь дархлаа доройтож болно. Тэглээ гээд бүгдээрээ дагаад дампуурчихаж болохгүй. Салбар бүрт дархлааны эсүүд буюу шударга мэргэжилтэн, ажиллагсад үгүйлэгдэж байна.  Энэ нийгэм гэх бодгаль нь ухаантай толгойтойсон болбол дархлааг нь алдагдуулахгүй дэмжиж явах салбаруудаа мэддэг л баймаар. Монголын тухайд мал амьтны эрүүл мэнд, мал аж ахуйн салбар нь стратегийн ач холбогдолтой л байх ёстой. Ямар нэгэн халдварт, халдваргүй, шимэгчтэх, хордлогот өвчний үед бие махбодийн нэг эд, эрхтэн илүү нэрвэгдэж байгаа ч бүх л биемахбодод хамааралтай. Арьсны жижигхэн шарх, шалбархай ч үхэлд хүргэж болно. Тиймээс л өмнөх үеийн мэргэчүүд түүнийг анзаарч “өвчин бага ч үхлийн шалтгаан, будаг бага ч өнгө урвуулахын шалтгаан” гэх хэлц бий болсон байх. Бодгалийн хувьд хэсэг газрын өвчин гэж байх учиргүй. Зөвхөн толгой л өвдөж байхад  гарт тэр ямар хамаатай юм бэ, гар ажлаа хэвийн л үргэлжлүүлж байна биз дээ гэх ойлголт байхгүй. Тэгэхээр мал эмнэлгийн өвчлөл бол нийгэмд бүгдэд нь хамааралтай гэх гээд байна. Наад зах нь мал эмнэлгийг зүй тогтлоор нь, эрүүлээр ажиллуулахгүй бол нийгмээрээ бид бүгдээрээ л хортой, халдвартай мах, сүүгээ идэж ууцгааж эрүүл мэндээ хорлосоор, гадаадад ганц ч килограмм мах экспортолж чадахгүй худлаа ярьсаар л сууцгаах болно шүү дээ. Хэзээ дархлааг  санагалзаад байна гэхээр бодгалийн тухайд ч, нийгмийн салбарын тухайд ч өвчин, халдлагын үед л анхаарч үздэг. Уг нь дархлаа бол анхаарлын гадна хэзээ ч орхигдуулж болохгүй зүйл. Дархлаанд байнга анхаарал тавьж байх ёстой. Ингэхийн тулд бодгалийн тухайд эрхтнүүдийн дархлааг байнга дэмжиж байх хэрэгтэй. Зарим орны иргэд хоол, унд идэж уухдаа энэ нь зүрхэнд, тэр нь элгэнд, нүдэнд сайн гэхчлэн хэрэглэж байдаг. Бодвол эрхтнүүдийнхээ дархлаанд л ашигтай зүйлийг хэрэглэж байгаа нь тэр биз. Бид ч хийж буй ажлаа манай салбарын тэр хэсэгт миний  энэ ажлын үр дүн нь тэгэж эерэг, сөргөөр нөлөөлнө гэж тооцдог байвал салбарын дархлаанд их л ач холбогдолтой байхсан даа. Нийгмийн тухайд салбарын дархлааг сайтар ажиллагаатай байлгах хэрэгтэй. Нийгмийг нэг бодгаль гэж үзвэл салбарууд бол түүний эрхтнүүд, эдүүд нь гэж адилтгаж, дархлааны хэлбэрүүд болон эрхтэн, тогтолцооны дархлаатай аль салбарыг жишиж үзэж болох вэ ч гэх асуулт тавьж болохоор байгаа юм. Ийм л бодлын үүднээс нилээд хүнд хэлбэрээр өвчлөөд, дархлааны хомсдолд орчихсон байгаа мал эмнэлгийн салбараа эмчилж эдгэрүүлэхэд нь туслах зорилгоор өвчнийх нь шалтгааныг тогтоож, оношлож өгөх оролдлого хийсээр байгаа юм. Уг нь оношийг л зөв тавьчихвал эмчлэх бол бас учиртай. Зөв оношлогоо нь өвчтэй бодгалийг эмчилж эдгэрүүлэх ажлын 50%-тай тэнцэхээр ач холбогдолтой ч гэлцдэг. Харамсалтай нь манай мэргэжил нэгтнүүд маань мал эмнэлгийн мэргэжлийн салбар нь  эмчлэхэд хэцүүхэн, олон хам  шалтгаантай хүндхэн өвчин тусчихсан, зүйрлэвэл, бараг л ДОХ буюу дархлалын олдмол дутагдлын хам шинж  өвчнөөр өвчилчихөөд яваагаа нуугаад байх сонирхолтой байна. Эмчилцгээе гэх санаачилга гаргах нь бүү хэл хүнд өвчин тусчихсан байгааг нь уламжлалт анагаах ухааны үүднээс цэцэг эрхтнийг нь хараад буюу клиник  үзлэгээр анхан шатны онош тавьж өгсөн нэгнийгээ “мэргэжлийн өндөр дээд, ариун нэр хүндийг минь  дордуулаад байна” гэж мэргэжилгүйчүүд болон мэргэжлийн бусчуудтай хавсран салбараасаа хөөн зайлуулах оролдлого хийсээр сууцгаана. ДОХ ч мөд шинж тэмдэг үзүүлэхгүй байж байгаад дархлааны тогтолцоог нь устгаад дуусгадаг өвчин гэсэн л дээ. Уг нь ДОХ-ын вирусүүдээ аль болох эртхэн оношлоод Монгол улсынхаа “уламжлалт эмчилгээний аргууд болон дэлхий нийтийн дагаж мөрддөг OIE-ийн санал болгодог Европ эмчилгээний аргууд”-тай хослуулан хэрэглээд явбал АНУ-ын алдарт сагсан бөмбөгч мэжик Жонсон шиг  ДОХ-ыг ч эмчилж эдгэрч болно шүү дээ. Манай нийгмийн мал эмнэлгийн салбар гэх энэхүү эрхтэн нь ганцхан бус хэд хэдэн төрлийн эдээс бүрдэнэ. Тэдгээр нь үйлчилгээний, үйлдвэрлэлийн, лаборатори-шинжилгээний, сургалтын, судалгааны, бодлого тодорхойлох, бодлогыг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрийн, төрийн бус гэх мэт байгууллагууд болно. Дархлаа нь дарангуйлагдаж хомсдолд орсон байгаа манай салбарын байгууллагууд тус бүрийн өвчнийх нь шалтгааныг тогтоож онош тавих шаардлага тулгараад байна. Одоо эмчилж эхлэх хэрэгтэй. Заримынх нь өвчний урьдчилсан оношийг олон жилийн өмнөөс тавьж өгсөн л дөө. Алцгеймерийн өвчингүй нэг нь санах байх гэж найдаж байна. Бурханы шашины номонд амьтны аймгийн ангилалыг “эх болсон зургаан зүйл” гээд байх шиг байдаг юм. Дээрээс нь дараалуулбал тэнгэр бурханы орд, асурийн орд, хүний орд, адгуусны орд, бирдийн орд, тамын орд  гэж. Заримдаа бодож үзэхэд энэ хүний ордынхон дотор үзэгдэх дүр нь  хоёр хөлтэй хохимой толгойтой ч гэсэн адгуус, бирд, тамын ордныхон үй олноороо байгаа ч юм шиг. Нэгэн сургамжит зохиолд тэдгээр ордуудын амьдрал,  зовлонгийн талаар бичсэн байдаг. Уг нь тэнэг мунхагийн, шунал тачаалын, хорлон сүйтгэхийн үйлдлүүд нь адгуус, бирд, тамынханд л хамааралтай юм байна лээ. Тэгвэл манай нийгмийн, тэр дундаас манай салбарынхан дотор эдгээр доод гурван ордны бүх шинж чанаруудыг агуулсан атлаа, дээд гурван ордны үзүүлэлтээс бараг л байхгүй шахам хүн сүрэг  нилээд олшрох төлөвтэй байна. Манай мал эмнэлгийн салбарыг дархлааны хомсдолд оруулсан шалтгаан нь 2000-аад оны үеэс эхлэсэн цөөхөн тоотой адгуус, бирд, тамынханы төлөөлөгчдийн халдвар тархаалт. Тэдгээр цөөн тоотой адгуус, бирд, тамынхан нь зөвхөн өөрсдөө тэнэглээд, шунаад, хорлон сүйтгэл учруулаад зогсохгүй. Халдвараа тархаана. Залгамжлагчаа бэлтгэнэ. Дээр дурдсан мал эмнэлгийн салбарын  үйлчилгээний, үйлдвэрлэлийн, лаборатори-шинжилгээний, сургалтын, судалгааны, бодлого тодорхойлох, бодлогыг хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрийн, төрийн бус байгууллагуудад халдвар авсан адгуус, бирд, тамынханы залгамжлагчидаа байршуулна. Одоо ч энэ байдал хэвээрээ. Тэгэхээр манай салбарын дархлааны хомсдлын шалтгаан нь бараг тодорхой болчихно. Ер нь халдварт, паразит буюу там, бирдийн ордныхон голчлон үүсгэдэг өвчнийг бүрэн эмчлэхийн тулд үүсгэгч буюу шалтгааныг бүрэн зайлуулах ёстой. Энэ л зарчмаар мал эмнэлгийн салбарын дархлааны хомсдолоо эмчилбэл бид үр дүнд хүрнэ.

Өдрийн сонин
2015.05.27