Нэг дэлхий–нэг эрүүл мэндэд мал эмнэлгийн гүйцэтгэх үүрэг

Нэг дэлхий–нэг эрүүл мэндэд мал эмнэлгийн гүйцэтгэх үүрэг

 

One world – One health гэх нэгэн хэлц байдаг. Уриа ч юм уу. Дэлхий дээрхи бүх амьтны эрүүл мэндтэй ямар нэгэн хэлбэр, хэмжээгээр холбоотой бүх байгууллага, мэргэжилтнүүд  энэ уриаг мэдэх байх. Хүний эрүүл мэндийн асуудалтай хүн эмнэлэг илүүтэй холбогдоно. Хүнээс бусад бүх амьтны эрүүл мэндийн асуудал мал эмнэлэгт илүүтэй хамаарна.  Тиймээс ч “Хүний эмч бол зөвхөн хүнийг эмчилдэг, харин малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг”  гэх хэллэг бий болсон байх.  Мал эмнэлгийн хариуцдаг хэдэн гол үүрэг дотор хүний эрүүл мэндтэй холбоотой хоёр том асуудал бий. Нэг нь мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал (food safety) . Нөгөө нь мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин үүсч болох халдварт, хордлогот өвчнүүдээс нийтийн эрүүл мэндийг (public health) хамгаалах. 

Нэг дэлхий гэдэг нь ойлгомжтой. Хүн төрөлхтөн нэг л дэлхий ээжтэй. 2015.04.20-ний  14 цагийн байдлаар манай гариг дээр 7.235.457.100  хүн байна. Хүн төрөлхтөн бид  дэлхий ээжийгээ бүх талаас нь шим шүүс, цус, булчин, шөрмөс, яс, арьс, үсийг нь сорж, зулгааж, тасдаж, ухаж, үгтээж,  өөрөөр хэлбэл,  ээжийгээ идэж, ууж амьдарч байгаа. Бид энэ дэлхийн үр хүүхэд нь үү, эсвэл 7.235.457.100 шимэгч паразитууд уу гэдгээ ч эргэцүүлэх ухаангүй байцгаана.  Уг нь хүн төрөлхтөн энэ дэлхийдээ үр хүүхэд нь байж, дэлхий ээжээ хайрлаж  асарч байх л учиртай. Монголчууд маань уламжлалаараа тийм л сэтгэхүйтэй байсан. Биднийг бага байхад газарт шон,  гадас хатгаад орхичихоор  “битгий газрын өр лүү өргөс, гадас хатгаж цоочоод бай” “газарт битгий шарх үүсгээд бай”  гээд хөгшчүүд загнадаг байсан даа. Тэр бол эх дэлхийгээ хайрлах ухаан л даа. Дэлхийгээ устгачихвал бүгдээрээ хамтдаа л устана гэсэн үг. Тиймээс ч одоо дэлхийн тэргүүлэгч гүрнүүдээс санаачлаад цөмийн асуудал, озоны давхрага, дэлхийн дулаарал, ус ба хөрсний бохирдол, нүүрсхүчлийн хийн тухай авч хэлэлцээд байгаа нь тэр байх.

Нэг эрүүл мэнд гэдэг нь 7.235.457.100 хүн бүгдээрээ л халдварт, шимэгчтэх, халдваргүй, хордлогот өвчнөөр өвчлөх магадлалтай бөгөөд эрүүл мэндийн асуудал бол нийтлэг юм шүү гэдгийг л ойлгуулах гэсэн санаа. Шувууны томуугийн вирус, эболагийн үүсгэгч вирус, сүрьеэгийн үүсгэгч нян олон тоогоор халдаад байхад өвчилдөггүй хүн гэж үгүй. Цацрагийн, химийн хороор хордуулсан унд, хоол, хүнс, тэжээл уулгаж, идүүлээд байхад өвчилдөггүй амьтан гэж үгүй. Глобалчлагдсан энэ үед хүн, амьтны эрүүл мэндэд аюул учруулах хүчин зүйлс улс орнуудын газар нутгийн хэмжээ, хил хязгаараас үл хамааран хаана ч хүрч болно. Тиймээс л  эрүүл мэндийн асуудал бол дэлхийн асуудал гэдгийг  ойлгуулах гээд л  “One world – One health  яриад байгаа нь тэр. Мэдээж эрүүл мэнд олон хүчин зүйлээс шалтгаална. Түүний дотроос амьтны эрүүл мэндэд  өргөн цар хүрээтэйгээр гаднаас нь нөлөөлөх, тэгэхдээ жаахан ухаантайхан байж чадвал тэдгээр сөрөг нөлөөллөөс нь сэргийлж болохуйц тийм хүчин зүйлстэй тэмцээч ээ л гэсэн санаа “One world – One health”-д агуулагдаад байгаа.

Монголчуудад тогтсон нэг буруу ойлголтыг одоо засаж залруулмаар байна. Мал эмнэлэг гэхээр зөвхөн хэдэн хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ, гахай, шувууны өвчинтэй л тэмцдэг мэргэжил гэж ойлгодог буруу ойлголт манай нийгэмд түгээмэл оршсоор байна. Мал эмнэлгийн мэргэжлийн нийгэмд үзүүлэх хамгийн том нөлөөлөл нь хүнсний аюулгүй байдал, тэр дундаас мах, сүүний аюулгүй, эрүүл, цэвэр, бохирдолгүй, халдваргүй, хордлогогүй  байдлын баталгааг гаргахад байгаа юм. Энэ мэргэжлийн нийгэмд гүйцэтгэх хоёрдахь том үүрэг нь мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүн амд халдварт, хордлогот, шимэгчтэх өвчин үүсгэхээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах явдал. 

Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн хөгжлийн тухай асуудал хөндөгдөхөөр л мэргэжлийн үнэмлэхтэй нь ч, мэргэжлийн үнэмлэхгүй нь ч бүгдээрээ л бүх мал сүргээ эрүүлжүүлнэ гэж ярих юм. Эрүүлжүүлнэ гээд байхыг нь бодоход манай улсын бүх мал сүрэг толгой дараалан өвчтэй болчихсон ч юм шиг. Нөгөө талаасаа Монголд ерөөсөө мал, амьтны ямар ч өвчин гаргахгүй гээд байгаа бололтой. Ийм зүйл ярьдаг улс төрч, малын эмч, малчин гэх мэт бүх хүнд хандаж хэлэхэд манай улсын бүх мал сүрэг бүгдээрээ өвчтэй биш шүү. Тиймээс бүх малаа эрүүлжүүлнэ гэх үндэслэлгүй, бодлогогүй яриагаа зогсоох хэрэгтэй. Мөн бүх мал сүргээ халдварт, шимэгчтэх, халдваргүй, хордлогот өвчнөөр үүрд  өвчлүүлэхгүй буюу бүх өвчнийг бүрмөсөн устгах боломж хэзээ ч бүрдэхгүй гэдгийг ойлгох ёстой. Мал эмнэлгийн сайн засаглал бүрдүүлж, хууль эрх зүйн орчныг зөвтгөн сайжруулж, бодлого тодорхойлох, судлах, сургах, үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх бүх субъектүүдийнхээ чадавхийг сайжруулж олон улсын жишигт хүргэснээр мал, амьтны эрүүл мэнд;, мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүний аюулгүй байдал;,  мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр дамжих өвчнүүдээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах;,  мал, амьтан ба тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чөлөөт байдал зэрэгт баталгаа гаргах чадавхийг бий болгох нь мал эмнэлгийн  салбарын хөгжлийн жинхэнэ мөн чанар нь юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Дээр дурдсан бүхэнд баталгаа гаргаж чадахуйц чадавхитай мал эмнэлгийн салбарыг бий болгочихвол л  “One world – One health” уриатай дэлхийн мал эмнэлгийн тогтолцоон дотор бид үүргээ  хангалттай гүйцэтгэж байна гэж үзэж болно.

Өдрийн сонин
2014.06.12