Үндэсний үйлдвэрлэлээ устгах нь улс орны хөгжилд хортой
Биокомбинатдаа хэзээнээс эргэж ирэв.
Саяхнаас. Биокомбинат бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд зааснаар 100% төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Тус үйлдвэрт технологийн анхан шатны дамжлагуудаас нь захирал хүртэл нь ажиллаж байсан. 2011 онд ажлаа дээрэмдүүлээд саяхан шүүхийн шийдвэрээр эргэн ирээд байна. Бидний 23 мэргэжилтэн тухайн үед Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуйн яамтай тэмцээд байсны учир нь манай улсад стратегийн ач холбогдолтой энэ үйлдвэрээ устгуулахгүй л гэж үзээд байсан нь тэр.
Тэгээд үйлдвэрийн байдал одоо ямархуу байна.
Бид зурхайч, мэргэч төлөгчид биш л дээ. Гэхдээ Биокомбинатыг сүйрэх замд нь оруулна гэдгийг бид таамаглаж байсан. Үйлдвэрийг тиймэрхүү хэмжээний этгээдүүд авч явдаггүй юм гэдгийг бид туршлагаараа мэднэ. Ашиг сонирхлын зөрчилтэй, авлигал, хээл хахуулиар мэргэшсэн, мөнгөний шуналаар зэвсэглэсэн, хуурамч дүр эсгэлт, худалдаж авсан цол хэргэм, диплом урдаа зүүсэн, мэргэжлийн наад захын нотолгоотой мэдлэггүй, удирдахуйн ухааны анхан шатны ч ойлголтгүй этгээдүүд яаж мэдлэгт тулгуурласан, сахилга хариуцлага өндөртэй, урт хугацааны төлөвлөлт шаарддаг, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм харьцангуй нарийн технологитой үйлдвэрийг авч явж чадах вэ дээ. Уг нь аль нэгэн байгууллагад чин сэтгэлээсээ мэргэжилтэн, технологич, дарга, удирдагчаар ажиллаж үзсэн туршлагатай хүн тухайн үеийн Д.Сугараар удирдуулсан Төрийн өмчийн хороонд байсансан бол ойлгох байсан л даа. Харамсалтай нь Монгол улсын нэгэн чухал үйлдвэрийг устахад хүргэжээ. Бид юу ч үйлдвэрлэж чаддаггүй ард түмэн учраас иймэрхүү бааз суурьтай, нарийн технологитой үйлдвэрээ устгамааргүй байгаа юм.
Үйлдвэрийн нөхцөл байдлын талаар жишээ дурдах уу?.
Бид 2011 оны захиалгат вакцины үйлдвэрлэлийг 100% биелүүлчихээд ажлаасаа халагдсан л даа. Түүний үр дүнд 2011 оны жилийн эцэст 977 сая төгрөгний цэвэр ашигтай ажилласан байна лээ. Гэхдээ оны төгсгөлд бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байж нэмэлт хуурамч гэрээ байгуулсан ноцтой хууран мэхлэлт, хулгай тэнд байсан. Тэгэхээр тэр өндөр ашиг бол бодит бус. Харин намайг буцаж ирэх үед 2013 оны 12 сарын 31-ний байдлаар 399 сая төгрөгний алдагдалтай гарч, Үндэсний аудитын газраас томилж явуулсан хараат бус аудитын компани нь дүгнэлт өгөхөөс татгалзчихсан, 2014 оны 01 сарын 01-ний байдлаар дансны эцсийн үлдэгдлийг нь баталгаажуулж чадаагүй учраас 2014 оны 1, 2, 3, 4-р улирлын санхүүгийн тайлан балансуудаа гаргаж чадаагүй л байдалтай. Вакцин, биобэлдмэлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь 2014 оны тухайд 200 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 7 нэрийн бүтээгдэхүүнээр тасалдчихсан. Хэрэглэгчдийнхээ захиалгыг биелүүлж чадаагүй байдалтай л байна. Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яамнаас 2013-2014 онд хийсэн шалгалтаар 700 саяаас 1.4 тэрбумаар хэмжигдэх зөрчил илэрчихсэн. Хууль бусаар ажлаасаа халагдсан мэргэжилтнүүдэд 200-аад сая төгрөгний нөхөн олговор шүүхийн шийдвэрийн дагуу хагасыг нь олгосон, үлдсэнийг нь олгохоос өөр аргагүй болчихсон. Түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Холбогдох хууль, үйлдвэрийн дүрэм зэргээ зөрчөөд 2-3 шинэ алба байгуулаад, 30 гаруй тойрон хүрээлэгчиддээ зүгээр цалин өгөөд суулгачихсан байж л байна. Стандартчилал хэмжил зүйн төвөөс итгэмжлэл авсан хөндлөнгийн хараат бус лабораторийн баталгаажуулалтын албаны дарга, ахлах шинжээчийг Биокомбинатаас цалинжуулж, улмаар үндсэн орон тоонд ажиллуулсны үр дүнд 40 гаруй хуурамч цувралын болон үндэсний стандартын шаардлагаа хангаагүй 20 гаруй цувралын олон зуун саяаас тэрбумаар үнэлэгдэх вакциныг 2012-2014 онд үйлдвэрлээд хэрэглээнд нийлүүлчихсэн. Заримынх нь мөрийг нь баллах оролдлого хийгээд, заримыг нь улайм цайм стандартад тэнцээгүй гэдэг дүгнэлт гаргачихаад борлуулчихсан. Бруцеллёзоос сэргийлэх вакциныг хуурамчаар үйлдвэрлээд, чанарын хяналтанд тэнцсэн гэх хуурамч дүгнэлт гаргаж өгсөн хоёр мэргэжилтнийг тус бүрийг нь 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулчихсан байх жишээтэй. Захирал асан, зарим нягтлан бодогч, мэргэжилтнүүд нь бензиний хулгайчид болчихсон. Удирдах дээд шатны, мэргэжлийн, аудитын байгууллагуудын шалгалтаар илрээд тогтоогдчихсон, хууль, хяналтын зарим байгууллагууд мэдээлэл авсан л байдалтай байгаа юм билээ. Үйлдсэн эзэд нь бүгд тодорхой, баримттайгаа байдаг. Нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Гавьяа байгуулсан царайтай л байцгаах юм байна шүү дээ. Удирдах дээд болон хууль, хяналтын байгууллагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд нь хэрхэн шийдэхийг харж л байхаас.
Төр бол хамгийн муу менежер гэдгийн сонгодог жишээ л юм даа?.
Тийм хэллэг, ойлголт байдаг л гэсэн. Төр гэж заавал байдаг л юм гэсэн биз дээ. Төргүй улс орон байдаггүй байх. Минийхээр тэр бол тийм ч зөв ойлголт биш. Тэгэх юм бол төрийн өмчийн оролцоотой байгууллагад, төрийн албанд ажиллаж буй бүх хүнийг сайн ажиллаж болохгүй, тэнд очоод хулгай, луйвар л хийгээд бай гэсэн үг болно биз дээ. Яахав хувийнх нь арай илүү хяналттай байдаг л гэсэн санаа байх. Төрийн өмчтэй байгууллагад хяналттай, хариуцлагатай ажиллаж болдог л юм даа. Ер нь тухайн байгууллагын бүх ажилтан нь хяналт, хариуцлагын менежерүүд байх ёстой шүү дээ. Төрийн өмч гэдэг чинь нийтийн буюу та бидний л өмч. Өмчиндөө хяналт тавих нь бидний үүрэг. Одоо бол хууль, эрх зүйн орчин гайгүй болж байна. Шилэн дансны хууль гэх мэт. Төрийн өмчтэй байгууллагуудын удирдлагад засгийн эрх авсан намын удирдлагууд нь мэдлэггүй, чадваргүй, хулгайч, луйварчин араншинтай этгээдүүдийг албан тушаалын наймаа, хуйвалдаанаар авч ирж орон тоо бөглүүлдэг болсноос л төр муу менежер гэх ойлголт гарсан байх. Уг нь ийм явдал гаргахгүй байх арга зам нь нээлттэй байгаа юм. Манайд хувьчлалын үеэс л хойш амны уншлага болтол тийм зүйл ярьсаар л байгаа. Томчуудад ашигтай хувьчлал явуулах гэхээрээ “төр муу менежер” гэдгийг бүр илүү их яриад байх шиг байгаа юм. Гэхдээ өөртөө ямар ч өмчгүй төр гэж байдаггүй байх аа. Нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой өмчтэй л байдаг байх. Монголын тухайд тийм ангилалд хамаарах ёстой өмчийнх нь нэг нь Биокомбинат гэж би үздэг. Төрийн өмчийг нэмээд байгааг зөвтгөх гэсэнгүй л дээ. Ач холбогдолгүй, ашиггүйг нь хувьчлах нь зөв. Гэхдээ бүхнийг зоосны нүдээр харж болохгүй.
Цаашид байгууллагаа зөв замд нь оруулахад юунд анхаарах вэ?
Ер нь хаана ч бүх ажил хүнээс хамаардаг юм. Тиймээс удирдах боловсон хүчний бодлогод ТӨХ, дотооддоо байгууллагын удирдлага анхаарах хэрэгтэй. Унгар зэрэг гадаад орнуудын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаад тодорхой мэдлэг, туршлага хуримтлуулсан тус үйлдвэрийн алтан фонд болсон ахмад үеийн сайхан мэргэжилтнүүддээ шавилан сургасан, юм заагаад өгвөл сурах магадлалтай таваас арван жил ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн 20 гаруй мэргэжилтнээ ажлаас халаад явуулчихсан учраас хамгийн гол хомсдол хүний нөөцийн тал дээр л байна. Манай улсад Биокомбинатад оюуны хөрөнгө оруулалт хийчихээр бэлтгэгдсэн, бидний мэддэггүй, чаддаггүйг заагаад өгчихээр нэг ч мэргэжилтэн, судлаач манай хөдөө аж ахуйн салбарт л лав байхгүй. Тэгэхээр Европ, Америк, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас л тусламж авах, түншлэх талын л юм бодох хэрэгтэй байх. Бид ингэж л төсөөлж 2010 онд Унгараас 14 жилийн хугацаатай, 25 сая долларын хүүгүй зээлийг олоод байсан юм шүү дээ. Харамсалтай нь хулгайчдын нүдний хор ороод бидний нөр их ажил талаар өнгөрсөн дөө.