Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд

Өмнөх үг

Дархлаа судлал бол үүсэл хөгжлийн эх суурь нь харьцангуй хожуу тавигдсан  шинжлэх ухааны салбар.  Дархлаа судлалын үүсэж хөгжих суурь үндэс нь халдварт өвчин судлал байсан гэж үзэж болохоор байгаа юм.  Тэр дундаас 18-19 дүгээр зуунд  дэлхий нийтээр тархаж байсан хүн, мал амьтны цэцэг өвчин бол дархлаа судлал, вакцин судлалыг үүсэхэд хүргэсэн үндсэн шалтгаан нь болно. Байгаль дээрхи аливаа амьд биет “хэвийн” оршин байх буюу ямар нэгэн эмгэггүй байх нь тухайн амьд биетийн дархлаанаас ихээхэн хамааралтай.

Энэхүү ном бол амьд биемахбодын дархлаа болон вакцин, вакцинжуулалтын талаархи шинжлэх ухааны судалгаа, туршилтаар батлагдаж нотлогдсон бөгөөд олон улсад түгээмэл  болсон боловч монгол хэл дээр өмнө нь хэвлэгдэж байгаагүй шинжлэх ухааны суурь мэдээллүүдийг агуулж байгаа. 

Сүүлийн жилүүдэд манай улсад дархлаа судлал, вакцин судлалтай холбоотойгоор гарч буй мэдээллүүдийг мэргэжлийн үүднээс ажиглаж байхад хүний дархлааг сайжруулдаг эм үйлдвэрлээд хорт хавдрыг эмчилдэг болчихлоо;  арав гаруй жилийн өмнө халдвар тохиолдсон бүс нутгийн мал, амьтдаас уг өвчнийг үүсгэгчийн эсрэг эсрэгбие илрүүллээ;  халдварт өвчнүүдээс сэргийлэх зориулалт бүхий, нэг удаа тариад л  100%, маш урт хугацаатай дархлаа  тогтоодог вакцин үйлдвэрлэчихлээ;  паразит өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр болчихлоо;   хорт ургамлын хордлогыг ийлдэс судлалаар оношлоод байхаар болчихлоо;  хөдөө орон нутагт  ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилж үхсэн мал, амьтнаас халдварын үүсгэгчийг нь ялгаж гаргачихаад түүнийг ашиглаж үйлдвэрлэсэн вакцин л монголын мал сүргийг  тухайн  халдварт өвчнийг үүсгэгч бичил биетний халдалтаас хамгаалж чадна;  зөвхөн тухайн нутагт байгаа өвчтэй мал, амьтдаас ялгасан үүсгэгчийн омгийг ашиглаж үйлдвэрлэсэн вакцин л тэр бүс нутгийн малыг уг халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой; зөвхөн монгол хүн ба малд байдаг өвөрмөц дархлаа; олон улсад хаана ч хүлээн зөвшөөрөгдөөгүй, практикт хэрэглэхийг зөвлөмж болгоогүй бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр болон  ямар нэгэн  итгүүштэй лабораторийн шинжилгээ туршилтанд хамрагдаагүй, ямар ч баталгаагүй  “оношлуурыг”  ашиглаж “онош”  тогтоочихоод “найдвартай оношлочихсон” гээд гадаад дотоодын мэргэжилтэн, судлаачдад танилцуулга хийгээд байгаа; гадаад оронд үйлдвэрлэсэн, нэгэн зүйл вирусийн долоон хэвшлээр  үүсгэгддэг халдварт өвчнөөс сэргийлэх зориулалт бүхий гурван цэнэт буюу гурван хэвшлийнх нь  вирусээс сэргийлдэг вакциныг  тухайн зүйлийн вирусийн бүх хэвшлээс сэргийлэх вакцин мөн гэж Монгол улсад бүртгэж авчихаад байгаа;   гадаад оронд үйлдвэрлэгдээд  Монголд анх удаа импортлогдсон вакцины  эсвэл  шинээр анх удаа туршилтын байдлаар үйлдвэрлэсэн вакцины сорьцонд нэг сарын хугацаанд багтаж чанарын хяналт хийчихээд л олон сар, жилийн турш үргэлжлэх, 100% дархлаа тогтоодог болохыг нь  нотолж, баталгаа гаргаад өгчихдөг эм,биобэлдмэлийн хяналт, шалгалтын тогтолцоо оршин байгаа; халдварт өвчнүүдийг оношлох оношлогооны аргууд нь тухайн халдварт өвчний үед биемахбодод явагдах дархлааны хариу урвалын аль нэгийг нь л үнэлэх аргад суурилагдсан бөгөөд тухайн өвчний  үед аль дархлааны хариу урвал илүүтэйгээр дайчлагдаж байгааг  халдварт өвчний онош тогтоох үедээ сайтар ухаарахгүй байгаа  гэх мэтчилэн дархлаа судлал, вакцин судлалын шинжлэх ухааны онолоос нилээд хол зөрүүтэй, энэ чиглэлийн шинжлэх ухааны ойлголт багатай дүгнэлт, үр дүн, мэдээлэл, яриа  ихээхэн тархаж “хүч нэмэх” шинжтэй болов. Түүнчлэн таамаглалаар болон аль нэг гадаад оронд хэн нэгэн судлаачийн нээсэн  онолын жишгээр байж болох хувилбар ба төсөөллийг аль хэдийн судлаад тогтоочихсон,  практикт нэвтрүүлээд хэрэглээд эхэлчихсэн мэтээр мэдээлэх явдал олонтаа тохиох болов.  Иймэрхүү шинжлэх ухааны үндэслэл муутай төөрөгдөл ба төөрөгдүүлэлтээс нийгмээ хамгаалж сэргийлэх үйлсэд ямар нэг хэмжээгээр ач тусаа өгөх нь энэ номыг бүтээх зорилго, зорилтуудын нэг нь болно. 

Хүн, мал амьтанд  идэвхтэй ба идэвхгүй дархлаа олгодог, олдмол бөгөөд өвөрмөц  дархлааных нь хөдлөл зүйг үнэлэхэд ашиглагддаг бүтээгдэхүүнүүд болох вакцин, эсрэг ийлдэс, оношлуур гэх мэт бүх төрлийн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн технологийн суурь онол нь дархлаа судлалд үндэслэгдсэн байдаг.  Учир нь уламжлалт технологиор үйлдвэрлэж буй вакцин бол биемахбодод халдагч бичил биетний омгуудыг хоруу чанарыг нь сулруулж  буюу хоруу чанаргүй болгож эсвэл тэдгээрийн өсгөврийн гаралтай дархлаатөрүүлэгч эсрэгтөрүүлэгчдийг ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бөгөөд вакциныг  хүн, мал амьтанд олгосноор вакцины найрлаган дахь  амьд бичил биетэн буюу хамгаалагч эсрэгтөрүүлэгчийн эсрэг тухайн бодгаль  дархлааны хариу урвалаа дайчилсны үр дүнд идэвхтэй дархлаа бий болгодог  биобэлдмэл болно. Оношлуурууд бол халдагч бичил биетнүүдийн эсрэг дархлааны хариу урвалын үр дүнд биемахбодын дотор  үүсэж бий болсон эсрэгбие буюу санамжит эсүүдийг илрүүлэх зориулалт бүхий бүтээгдэхүүн болно. Тэгвэл  эсрэг ийлдсийн тухайд бичил биетний омог ба түүний  гаралтай эсрэгтөрүүлэгчийг  ашиглаж тодорхой зүйлийн эзэн амьтанд хэт дархлаа хийж бэлтгэдэг, ихээхэн хэмжээний бэлэн эсрэгбие буюу иммуноглобулин агуулдаг бөгөөд шаардлагатай үед хүн, мал амьтанд  шууд  буюу богино хугацаанд идэвхгүй дархлаа олгох зориулалттай бүтээгдэхүүн юм. Эндээс харахад эдгээр бүтээгдэхүүнүүдийн хэрэглээний зориулалт болон хэрэглэх шаардлага нь  дархлаа судлалтай холбоотой нь илэрхий байна.  Түүнчлэн дархлаа судлал, вакцин судлал болон биобэлдмэлийн үйлдвэрлэлийг хооронд нь холбоогүйгээр  буюу  нэгийг  нөгөөгөөс нь салгаж ойлгох аргагүй болох нь  бүр ч ойлгомжтой байгаа байх гэдэгт найдаж байна.

Аливаа шинжлэх ухаанд шинээр нээгдэж буй ололт, нээлт, судалгааны үр дүнг  аль нэг улс оронд  хэн нэгэн  судлаач, мэргэжилтэн эсвэл судлаачдын баг  хийж бүтээгээд  бусад нь дамжуулж ашигладаг  нийтлэг жишгээр дархлаа судлал ба вакцин судлалын шинжлэх ухааны салбарын  мэдээллүүдээс өөрийн мэдлэгийн хэмжээнд олж эзэмшсэнээ  хамтдаа ажилладаг салбарын мэргэжилтнүүдэд зориулж энэхүү ном хэлбэрээр хүргэж байна. Аль ч салбарын мэргэжилтнүүдэд суралцаж байх шаардлага байнга байх ёстой.  Дархлаа судлал ба вакцин судлалын шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлийг ажил, мэргэжилдээ  бусдаас түлхүү ашиглах шаардлагатай  салбар, чиглэлийн  мэргэжилтнүүдийн тэрхүү хэрэгцээ шаардлагыг нь хангахад энэхүү ном бага ч атугай тус нэмрээ өгнө гэдэгт итгэлтэй  байна. 

 

Гарчиг

  • Өмнөх үг
  • Дархлаа судлалын товч түүх
  • Биемахбодын хамгаалалт
  • Бичил биетний халдалт
  • Биеийн хоригууд
  • Төрөлхийн дархлаа
  • Олдмол дархлаа
  • Эсрэгбие зуучлалын  дархлааны хариу урвал
  • Эс зуучлалын дархлааны хариу урвал
  • Тэвчил
  • Олдмол дархлааны механизмууд
  • Цусны цагаан эсүүд
  • Төрөлх хядагч эс
  • Хүний цусны цагаан эсүүдийн гол үүрэг, эргэлтэнд идэвхитэй байх хугацаа, тархалт
  • Цитокайн
  • Цитокайнуудын ерөнхий  шинж чанар
  • Хавсрагын тогтолцоо
  • Лимфойд тогтолцоо
  • Эсрэгтөрүүлэгчид ба эсрэгтөрүүлэгч чанар
  • Эсрэгтөрүүлэгчдийн  шинж чанар
  • Эсрэгтөрүүлэгч чанарт нөлөөлөх хүчин зүйлс
  • Эпитоп
  • Хаптен
  • Уургийн эпитопууд
  • Хаптен-тээгчийг холбогчийн хэлбэрүүд
  • Солбицож-урвалдах чанар
  • Өвөрмөц  зарим  эсрэгтөрүүлэгчид
  • Бактерийн эсрэгтөрүүлэгчид
  • Вирусийн эсрэгтөрүүлэгчид
  • Эсийн-гадаргууны эсрэгтөрүүлэгчид
  • Цусны-бүлгийн эсрэгтөрүүлэгчид
  • Эд зохицлын эсрэгтөрүүлэгчид
  • Ялган таних багшраа буюу CD
  • Аутоэсрэгтөрүүлэгчид
  • Харь биетийг устгах-миелоид тогтолцоо
  • Миелоид тогтолцоо
  • Нейтрофил
  • Нейтрофилийн бүтэц
  • Нейтрофилийн үйл ажиллагаа
  • Хемотаксис
  • Наалдалт ба опсонинжуулалт
  • Залгилт
  • Устгал
  • Амьсгалын тэсрэлт
  • Лизосомын ферментүүд
  • Дифенсин
  • Нейтрофилийн мөхөл
  • Цагаан эсийн гадаргууны уургууд
  • Эозинофил
  • Базофил
  • Цусны ялтас 
  • Макрофагууд ба эсрэгтөрүүлэгчийг боловсруулах үйл явц
  • Макрофаг
  • Макрофагийн бүтэц
  • Макрофагын амьдралын түүх
  • Макрофагийн үйл ажиллагаа          
  • Фагоцитоз
  • Макрофагийн идэвхжил
  • Макрофагийн авуурууд
  • Макрофагууд-шүүрэгч эсүүд
  • Макрофагууд ба шархны анилт
  • Эсрэгтөрүүлэгчийг боловсруулах
  • Гадны гаралтай эсрэгтөрүүлэгчийг боловсруулах
  • Дотны гаралтай эсрэгтөрүүлэгчийг боловсруулах
  • Хам идэвхжүүлэлт
  • Интерлеукин-1
  • Интерлеукин-1-ийн идэвхжүүлсэн дархлааны зохицуулалт
  • Бусад  хам идэвхжүүлэгч молекулууд
  • Эсрэгтөрүүлэгч танилцуулагч бусад эсүүд
  • Сэртэнт эсүүд
  • В эсүүд
  • Эсрэгтөрүүлэгч-танилцуулагч эсүүдийн олон янзын хэлбэрүүд
  • Бие махбодын доторхи харь биетийн хувь тавилан
  • Венийн судсаар олгогдсон уусвартай эсрэгтөрүүлэгчид
  • Бусад замаар олгогдсон эсрэгтөрүүлэгчийн хувь тавилан
  • Эсрэгбиеийн ангилал
  • Эсрэгбиеийн молекул бүтэц
  • Иммуноглобулин G
  • Иммуноглобулин M
  • Иммуноглобулин А
  • Иммуноглобулин D
  • Иммуноглобулин E
  • Эд зохицлын гол  бүрдэл  буюу  MHC
  • Эд зохицлын гол бүрдэл
  • ЭЗГБ-ийн I ангийн эсрэгтөрүүлэгчид
  • ЭЗГБ-ийн I ангийн эсрэгтөрүүлэгчдийн бүтэц
  • ЭЗГБ-ийн I ангийн генийн зохион байгуулалт
  • ЭЗГБ-ийн I  ангийн полиморфизм
  • ЭЗГБ-ийн I  ангийн эсрэгтөрүүлэгчдийн үүрэг
  • ЭЗГБ-ийн I  ангийн эсрэгтөрүүлэгчдийг ялган танилт
  • ЭЗГБ-ийн II ангийн эсрэгтөрүүлэгчид
  • ЭЗГБ-ийн II ангийн молекулуудын бүтэц
  • ЭЗГБ-ийн II ангийн полиморфизм
  • ЭЗГБ-ийн II ангийн эсрэгтөрүүлэгчдийн үүрэг
  • Эсрэгтөрүүлэгчийг танилцуулах
  • Дархлааны хариу урвалын генүүд
  • ЭЗГБ-н  II ангийн  эсрэгтөрүүлэгчдийг ялган танилт
  • ЭЗГБ-ийн III ангийн молекулууд
  • ЭЗГБ-ийн молекулууд ба өвчин
  • ЭЗГБ ба биеийн үнэр
  • Аутодархлаа
  • Өмөн үү буюу хорт хавдрын дархлааны талаар
  • Вакцин  ба вакцинжуулалтын ерөнхий зарчмууд
  • Дархлаажуулалтын арга хэлбэрүүд
  • Идэвхгүй дархлаажуулалт
  • Идэвхтэй дархлаажуулалт
  • Вакцинд тавигдах шаардлага
  • Амьд ба идэвхгүйжүүлсэн вакцин
  • Идэвхгүйжүүлэлт
  • Хоруу сулруулалт
  • Вакцин үйлдвэрлэлийн зарим аргууд
  • Ген хувилалаар үүсгэсэн эсрэгтөрүүлэгч
  • Рекомбинант амьд организмууд
  • Генетикээрээ өөрчлөгдсөн организмууд
  • Вакциныг олгох арга хэлбэрүүд
  • Вакцинжуулалтын алдаа дутагдал
  • Буруу олголт
  • Зөв олголт. Хариу үзүүлэлтийн дутагдал
  • Зөв олголт ба хариу урвал
  • Вакцинжуулалтын таагүй үр дагавар
  • Вакцины урвалууд
  • Вакцины дутагдал