Мал эмнэлгийн салбарын зарим авлигал
Юуны түрүүнд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,
Хүнс Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа,
Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарын сонорт:
Авлигал Монголыг муухай харагдуулж байна гэж Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлдэг. Авлигал манай салбарыг сүйрүүлж байна. Хөгжлийг нь боймлож байна. Социализмаас салгахгүй байна. Бидний сонгож авсан нийгмийн хөгжлийн жишиг руу оруулахгүй байна. Авлигатай тэмцэхэд ч хүнд бэрх болж байна. Салбар дотроо олон жил whistle blower буюу шүгэл үлээгчээр явж байна. Одоо бол шүгэл үлээлгэх ч үгүй, үлээсэн ч сонсохоо болих янзтай. Н.Энхбаярыг улс төрд орж ирэхээс өмнө Монголын улс төр харьцангуй цэвэр байсан юм шүү гэж зарим улс төрч, нийтлэлч нар ярьж, бичицгээдэг шиг мал зүйч нарыг мал эмнэлэг рүү хутгалдаж орж ирэхээс өмнө манай салбарт авлигал харьцангуй бага байсан юм шиг.
Манай улсын мал сүрэг нь 1990-ээд оны эхээр, мал эмнэлэг нь 2000-аад оны эхээр хувьчлагдсаны дараа мал зүйч нарт хийх ажил үгүй болж тэдний мэргэжлийн хэрэгцээ шаардлага манай нийгэмд ,ялангуяа, орон нутагт алга болоод ирэхээр тэдэнд мал эмнэлгийн хаяаг бараадаж амь зуух л ганц гарц үлдэж байгааг овсгоотой зарим нь мэдэрч лобби хийснээр “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” буюу мал эмнэлэг, зоотехникийн ажлыг хольж бантагнуулсан хуулийг 1990-ээд оны дундуур гаргуулж аван мал зүйч, малын эмч гэдэг хоёр мэргэжлийг хоорондоо ялгаагүй мэт болгож орхисон. Одоо ч шийдвэр гаргагч нарт тэгж ойлгуулсаар л явж байна.
Уг нь мал зүй буюу зоотехник болон мал эмнэлгийн мэргэжлийн судлагдахуун нь ялгаатай бөгөөд эдгээр мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтнүүдийн эрхэлдэг ажил үйлчилгээ нь тэс өөр. Шаардагдах мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар нь ч шал өмнөө.
Ийм байтал зоотехникч буюу мал зүйч нар нь хуулиа гаргуулж аваад “хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь манайх” гэгчийн үлгэрээр барьцаа ахиулж мал эмнэлгийн салбарыг зөвхөн авлигалын нүдээр харцгаадаг болж улмаар толгойд нь гарч аваад жинхэнэ авлигалын үүр уурхай болгосон доо.
Мал эмнэлгийн салбараас улс даяар дуулиан дэгдээсэн эхний томоохон авлигал нь 2000-аад оны эхээр Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, мал зүйч П.Дамдиндорж нар малын шимэгч хорхойтох өвчнийг эмчлэх зориулалттай эмийг Унгар улсаас оруулж ирэх 400 гаруй сая төгрөгний тендерийн будлиан байсан. Энэ этгээд тэр үед тэр мэтчилэн нилээд олон хууль бус үйлдэл хийж байгаад ажлаа өгөхөөс аргагүй байдалд ороод гадаадад дүрвэж ОХУ дахь Монголын элчин сайдын яаманд бүгэж байгаад 2008 оны үед буцаж ирээд ХАА-н сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад дараа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газрын дарга болсон доо. Ийнхүү дарга болсныхоо дараа “сурсан юмыг сураар боож болохгүй” гэгчээр мал эмнэлгийн салбарт авлигал, луйврын сүлжээг ч жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн дээ. Тэдгээрээс тоймтой томхоноос нь дурдвал:
-
Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолын 2.5-д “Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах.” гэдэг заалт оруулж аваад түүнийгээ үндэслээд олон жилийн түнш “Цагаан залаа агвет” ХХК-аас дуураймал ивомек эмийг нь худалдаж авахаар эхлээд 2011.07.27-ны өдөр БТ/2011/01 дугаартайгаар ; дараа нь 2011.09.24-ний өдөр БТ/2011/03 дугаартайгаар тендер давтан зарласаар байгаад 45702,5 литр ивермектинтэй дүйцэхүйц эмийг нэг литрийг нь 58728 төгрөгөөр (Нарантуул зах дээр нэг литр нь 30000-35000 төгрөгний үнэтэй байхад шүү дээ!!!) нийт 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдан авах гэрээг 2011 оны 11 сарын 11-ний өдөр “Цагаан залаа агвет” ХХК болон ҮХААЯ, ЗГХАМЭҮГ-ын хооронд байгуулсан байдаг юм. Энэ луйврын талаар УИХ гишүүдэд хандаад, УИХ-ын гишүүн Ерөнхий сайдад асуулга тавиад тусыг эс олсон. Мал эмнэлгийн эрдэмтэд нь ивомек бол сэргийлэх эм, ҮХААЯ, ЗГХАМЭҮГ-ынхан нь хуулийн дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа гэдэг дүгнэлт, хариултыг УИХ, Ерөнхий сайддаа гаргаж өгсөн байдаг. Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль нь ямар ч өөрчлөлтгүйгээр өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр л байгаа шүү дээ. Гэтэл 2012, 2013, 2014 онуудад ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ ивомек худалдаж авсангүй. Хуулиа зөрчөөд байгаа юм биш биз гэж одоо яам, агентлагийнханаас асуумаар л байгаа юм?. Ивомек сэргийлдэггүй болчихсон уу гэж эрдэмтэн, мэргэнүүдээс бас асуумаар...?. Иймэрхүү л мэдлэгтэй эрдэмтэн мэргэд, түшмэлүүд манай бодлогыг тодорхойлоод сууж байгаа юм даа. Хэрэг хуучирдаггүй гэж нэг үг байдаг даа. Энэ бол шинэхнээрээ бүх баримттайгаа л байгаа, зохион байгуулалттайгаар хийсэн манай мал эмнэлгийн салбарын авлигалын сонгодог нэгэн жишээ юм. Мэдээж гол зохион байгуулагч нь мал зүйч П.Дамдиндорж нар.
-
2011 оны 11 сарын 10-ны өдөр ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ болон Биокомбинат ТӨААТҮГ-ын (тэр үед “Цагаан залаа агвет” ХХК-ний эздийн нэг нь ХХААХҮЯ, ЗГХАМЭҮГ, ТӨХ-ны нэр бүхий луйварчидтай үгсэн хуйвалдаж тус үйлдвэрийн захирлын албан тушаалыг дээрэмдэж аваад байсан. ) хооронд 02 тоот хуурамч гэрээ байгуулж 726.500.400 (долоон зуун хорин зургаан сая таван зуун мянга дөрвөн зуун) төгрөгийг тус үйлдвэр рүү шилжүүлсэн. Ингэхдээ Орхон, Дархан-уул аймгуудын ХХААЖДҮГ-т болон улсын нөөцөд вакцин нийлүүлсэн гэдэг хуурамч акт үйлдэж баримт бичгийг нь бүрдүүлсэн байдаг. Гэрээг санаачилж байгуулсан гол этгээд нь нөгөөх л П.Дамдиндорж нар.
-
Өмнөх жилүүдэд “Цагаан залаа агвет” ХХК-ний эзэн Б.Бямбаа нартай хуйвалдан хийж байсан авлигалынхаа бэлгэнд П.Дамдиндорж нь 2012.07.04-ний өдөр Б.Бямбаа, П.Болормаа нараар удирдуулан нэг ч өдөр мал эмнэлгийн мэргэжлийн сургалтанд хамрагдалгүйгээр, нэг ч өдөр судалгааны ажил хийлгүйгээр Мал эмнэлэг-үржлийн газрын сүүлийн 3 жилийн тайланг нэгтгэж бичүүлээд “Мал эмнэлгийн ухааны доктор”-ын зэрэг хүртэв. Сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарт докторууд иймэрхүү жишгээр төрдөг болсон. Тэдгээрийг эргэж харж үзэх шаардлагатай. Тэгээд өөрсдийгөө эрдэмтэн, мэргэд гэж өргөмжилдөг болсон. Тэр үзүүлэлтээрээ төрийн ажлын орон тоог бөглөж сууцгаадаг.
-
Мал зүйч мэргэжилтэй авлигачдын итгэлийг хүлээсэн “Цагаан залаа агвет” ХХК-ий эзэд нь зөвхөн 2008-2011 оны хооронд л ХААН банкинд хэд хэдэн нууц данс нээж 2.514.859.300 (хоёр тэрбум таван зуун арван дөрвөн сая найман зуун тавин есөн мянга гурван зуун) төгрөгийн борлуулалтын орлогыг нуун дарагдуулсан нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтаар тогтоогдсон боловч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нэгэн түүнийг нь эрүүгийн хэрэг биш гэж шийдвэрлэсэн гэдэг. Хэдэн тэрбумаар нь татвараас нуучихсан байхад яагаад гэмт хэрэг биш болдог нь хачин. Одоо бодвол татварын өршөөлд хамрагдах лоббичдын эгнээнд явж байгаа байлгүй.
-
2012 оны шинэчлэлийн засгийн газрын үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг-үржлийн газрын даргаар томилогдсон М.Галбадрах гэгч нь П.Дамдиндоржийн залгамжлагч бөгөөд мөн мал зүйч мэргэжилтэй нэгэн. Мал эмнэлгийн салбарыг мэргэжил нэгт ахынхаа заасан замаар авлигалын үүр уурхай болгосоор л явж байна. Тэрээр ажлаа хүлээж авмагцаа уг албан тушаалыг авлигалын хэрэгсэл болгож эхлэсэн. Тухайлбал 2012.11.27-ны өдөр “Вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх МЭТШ 2012/05 тендерийн гэрээ дүгнэсэн акт” гэгчийг үйлдэж ҮХААЯамны ТНБД Х.Золжаргалаар зөвшөөрүүлж “Төгс үчинбэр”ХХК-аас шаардлага хангахгүй багаж тоног төхөөрөмж худалдан авч 675 576 000 (зургаан зуун далан таван сая таван зуун далан зургаан мянган) төгрөгийг шилжүүлсэн байдаг.
-
Тэрхүү шаардлага хангаагүй хөргөлтийн зориулалттай багаж, төхөөрөмжийг хуйвалдаанаар нийлүүлсний үр дүнд Говьсүмбэр аймгийн ХХААЖДҮГ-т хадгалагдаж байсан ОХУ-аас авчирсан 3850 литр шүлхийгээс сэргийлэх вакцин 2012 оны 11 сараас 2013 оны 03 сар хүртэлх хугацаанд шаардлага хангахгүй буюу хасах температуртай байшинд байж хөлдсөн. Ийнхүү 4 сар гаруй хугацаанд хөлдүү байшинд хадгалагдсан вакциныг 2013 оны 04 сард буюу хавар болж хөлдсөн вакцин нь гэссэний дараа ЗГХАМЭҮГ-ын мэргэжилтэн Д.Батцэнгэл, МЭЭСБУЛ-ын мэргэжилтэн Д.Ууганбаяр нар мэдрэхүйн эрхтнээрээ шинжлээд (бодвол барьж, долоож, харж, үнэрлэж үзсэн юм байлгүй) 1450 литр нь хөлдсөн, 2400 литр нь хөлдөөгүйг тогтоосон гэж байгаа юм. Нэг хөлдүү өрөөнд 4 сар хэвтсэн яг ижил найрлагатай хэдэн мянган шил шингэн вакцины хагас нь хөлдөөд, хагас нь хөлдөөгүй байна гэдэгт итгэх хүн байх уу?. Нийт үнийн дүнгээрээ 840 000 000 (найман зуун дөчин сая) гаруй төгрөгний үнэтэй вакцинаас ЗГХАМЭҮГ-ын мэргэжилтэн Д.Батцэнгэл, МЭЭСБУЛ-ын мэргэжилтэн Д.Ууганбаяр нар 317 000 000 (гурван зуун арван долоон сая) төгрөгний вакциныг нь устгах шийдвэр гаргасан гэдэг. Төрийн ийм их хэмжээний хөрөнгийг устгах шийдвэр гаргадаг эрх бүхий субъект нь тэд мөн үү?. Үлдсэн 2400 литр хөлдөөгүй гэх хөлдүү вакцинаа яасан нь бүү мэд. Баримтаас үзэхэд энэ сүйтгэлийн эзэн нь М.Галбадрах гэдэг нь тодорхой л байгаа юм. Энэ булхай луйвраа нуухын тулд өнгөрсөн өвөл шинээр орж ирсэн вакциныг хөлдөөсөн гэх шуугиан дэгдээж мэхлэн төөрөгдүүлэх арга хэрэглэсэн нь тухайн үедээ амжилттай болсон.
-
2011-2014 оны хооронд П.Дамдиндорж, М.Галбадрах нараар удирдуулсан ЗГХАМЭҮГ-ын багийнхан 15 000 000 000 (арван таван тэрбум ) гаруй төгрөгний үнэ бүхий үхрийн тунгаар тооцвол 37 сая гаруй тун, бог малын тунгаар тооцвол 80 сая орчим тун шүлхийгээс сэргийлэх вакциныг ОХУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд “СВС” ХХК-аар дамжуулан авчирч зүүн аймгуудын малд тариулан устгаж өгөв. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын нийт үхэр сүргийн тоо нь хагас сая гаруйхан л шүү дээ. Тэдгээр аймгуудын бүх үхрийг жилд 2 удаа толгой дараалан вакцинжуулахад л 1 сая гаруй тун л хангалттай. Тэгэхэд зөвхөн үхрээ вакцинжуулая гэж тооцвол 3-4 жилд 3-4 сая үхрийн тун л шаардлагатай байж. Ер нь энэ дашрамд дурдахад шүлхийд үхэр л илүү мэдрэмтгий байгааг анхаарч вакцинжуулалтын бодлогодоо тусгаж хэрэгжүүлбэл сайнсан. Хэрэгцээнээс илүү их вакцин захиалж нийлүүлдэг нь уг вакциныг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, тэднээс авлигал авагчдын л лоббины үр дүн байх. Одоо бас л үргэлжлүүлэхээр зэхэж байгаа сурагтай байна лээ. Тэр вакцин үр дүнгүй байсан нь өнгөрсөн жил практик дээр нотлогдчихсон шүү дээ.
-
ҮХААЯ-ны үе үеийн удирдлагууд нь олон жилийн турш “СВС”ХХК-аас тендертэй болон тендергүйгээр худалдан авч байсан бөгөөд байгаа ОХУ-ын Владимирын Покровын институтын вакцин нь шүлхийгээс сэргийлэх дархлаа тогтоож чадахгүй байгаа, уг вакциныг буруу хэрэглэдэг нь практик дээр батлагдмагч ҮХААЯ, МЭҮГ-ынханы сандрал, баярлал нь зэрэгцэж илүү авлигал авах боломж бүрдүүлэх ажилдаа шуударч оров. Манай улсад тогтсон жишгээр ч, холбогдох хууль, журмын дагуу ч Монголд худалдаж борлуулах мал эмнэлгийн зориулалттай эм, вакцин, бэлдмэл нь “Малын эмийн улсын бүртгэл”-д бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл 2014 оны 01 сарын сүүлчээр Сүхбаатар аймгаас эхлэсэн гэх шүлхийн дэгдэлтийн үед хугацаа нь дууссан вакцинаа зүүн аймгуудад хэрэглүүлж дуусгаад дараа нь нэмэлтээр вакцин худалдаж авах болоход нөгөө л хуйвалдагч түншүүд болох “Цагаан залаа агвет” ХХК, “СВС” ХХК-аасаа Монгол улсын “Малын эмийн улсын бүртгэл”-д бүртгэгдээгүй ОХУ-ын Щелковскийн биокомбинат, БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хот дахь вакцины үйлдвэрт үйлдвэрлэсэн чанартай, чанаргүй нь огт мэдэгдэхгүй вакциныг худалдаж авах гэрээг ҮХААЯ-ны ТНБД Х.Золжаргал, МЭҮГ-ын дарга М.Галбадрах нар нэг шөнийн дотор байгуулж “Цагаан залаа агвет” ХХК-аас 700 000 000 (долоон зуун сая) гаруй төгрөгөөр, “СВС” ХХК-аас 900 000 000 (есөн зуун сая) гаруй төгрөгөөр шүлхийн вакцин худалдаж авсан. Уг гэрээг байгуулсны дараа ямар вакцин сонгосныг нь судлаад үзэхээр Щелковскийн биокомбинатад үйлдвэрлэсэн вакциныг нь ОХУ-ын Забайкальскийн бүс нутагт хэрэглэсний дараа мөн л 2-3 сар өнгөрөөд шүлхий дэгдсэн буюу дархлаа тогтоох идэвхгүй болох нь практик дээр харагдсан гэдэг мэдээлэл байдаг. Тэр мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан ч, МЭҮГ-ынхан ч мэдсэн. Бас л хуйвалдаан байлгүй таг чиг л болсон. Яагаад тэдгээр компаниас худалдаж авснаа дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлахдаа богино хугацаанд нийлүүлж чадна гэсэн учраас тэднээс авсан гээд худлаа яриад сууж байна лээ. Цааш нь үргэлжлүүлээд зөндөө вакцин худалдаж авсан гэсээн. Вакциныг богино хугацаанд нийлүүлнэ гэдэг ойлголт бараг байдаггүй бөгөөд архи шиг худалдагдах нь уу, яах нь уу гээд үйлдвэрлэж тавьчихаад, хэн худалдаж авах нь вэ гээд хүлээгээд сууж байдаг бүтээгдэхүүн нь вакцин биш л дээ. Богино хугацаанд вакцин бус “идэвхгүй ус” л нийлүүлэгдэнэ гэдгийг цаашдаа анхаарч вакцин худалдаж авах шаардлагатай байгаа болбол тендерээ дор хэлж 3-4 сарын өмнө зарлаж байх хэрэгтэй.
-
Ийнхүү ҮХААЯ, МЭҮГ-ынхан олон жил хууль бусаар явуулсан паразитын эсрэг эм, зарим хэрэгтэй, хэрэггүй вакцины наймаа нь хууль, журам зөрчдөг, авлигалтай болох нь илчлэгдээд, таслан зогсоогдоод ирэхээр мал эмнэлгийг ашиглаж өөр ямар авлигал авах бололцоотой хууль, эрх зүйн цоорхой байгааг эрэлхийлэв. Тэгээд холбогдох хуулиудаас гадна “Монгол мал” хөтөлбөр гэх сайхан бамбай байгааг олж харцгаав. Энэ хөтөлбөрөөр халхавчилж бруцеллёзоос эрүүлжүүлнэ гэж өнгөрсөн 4 жилд 20 гаруй тэрбум төгрөг төсвөөс авч устгачихаад, ирэх жил 10 гаруй тэрбумыг устгах гэж байгаа талаар Өдрийн сонин дээр саяхан гарсан даа.
-
Мөн өнгөрсөн 2 жилд “Мал ариутгал, халдваргүйжүүлэлтийн зөөврийн угаалгын ванн”, “Мал эмнэлгийн зөөврийн хашаа” гэдэг “онцгой чухал” бүтээгдэхүүнийг орон нутагт нийлүүлж манай мал эмнэлгийн салбарыг “хөгжүүлэх” гайхамшигтай мэргэн бодлого боловсруулж хэрэгжүүлж эхлэсэн байгаа юм. Үүний үрээр 2013 онд “Мал ариутгал, халдваргүйжүүлэлтийн зөөврийн угаалгын ванн”-ыг нэг бүрийг нь 34 000 000 (гучин дөрвөн сая) гаруй төгрөгөөр нийтдээ 1 500 000 000 (нэг тэрбум таван зуун сая) орчим төгрөгөөр, “Мал эмнэлгийн зөөврийн хашаа”-г нэг бүрийг нь 13 000 000 (арван гурван сая) гаруй төгрөгөөр нийтдээ мөн л 1 500 000 000 (нэг тэрбум таван зуун сая) орчим төгрөгөөр ҮХААЯ, МЭҮГ-ынхан худалдан авч тараасан байдаг. 2013 онд ийнхүү улсын төсвөөс 3 000 000 000 (гурван тэрбум) орчим төгрөг зарцуулсан бол “амташсан хэрээ арван гурав дахих”-ын үлгэрээр 2014 онд “Мал ариутгал, халдваргүйжүүлэлтийн зөөврийн угаалгын ванн”-ыг нэг бүрийг нь 44 000 000 (дөчин дөрвөн сая) гаруй төгрөгөөр нийтдээ 3 000 000 000 (гурван тэрбум) орчим төгрөгөөр худалдан авчихаад байж байна. Ноднин нэг бүр нь 34 сая гаруй төгрөгийн үнэтэй байсан ванн энэ жил 44 сая гаруй болж өсөөд төлөвлөсөн 3 тэрбумаараа бүгдээр нь ванн худалдаж авсан гэх мэдээлэл бий. Бодвол хашаанаас илүү ванны наймаа нь ҮХААЯ, МЭҮГ-ынханд унацтай байсан байж таараа. Энэ жил ванн худалдаж авах тендер нь ч сонирхолтой болсон мэдээлэл бий. Эхлээд тендер зарлах үед нь нэгэн компани нийт төсөвт өртөгт нь багтаагаад нэг бүрийн үнэ нь хямдхан, олон тоотойг нийлүүлэхээр санал болгоход уг тендерийг нь хүчингүй болгочихоод, дахин зарлахад нөгөө компани нь нэг бүрийн үнийг нь өсгөөд, тоог нь цөөрүүлээд ороод ирэхээр гүйцэтгэгчээр шалгаруулсан сураг бий. Хоёр жил дараалан нэг л этгээд нийлүүлээд байгаа сураг бий. Зөв шударгаар явбал болохгүй зүйлгүй л дээ. Хичнээн нь ч жил нийлүүлж болно. Тэр цөөрсөн тоо болон нэг бүрийн үнэ дээр нэмэгдсэн зөрүү мөнгө хэний халаас руу орсон бол оо?. Хамгийн гол нь энэ олон тэрбумаар худалдаж авсан хашаа, ванны ашиглалт нь хэр байгаа бол?. Зориулалт нь лав оновчтой биш. Тэгээд хувийн байгууллагуудад төсвөөс мөнгө гаргаад л хашаа, ванн худалдаж өгөөд байгаа нь зөв үү?, буруу юу?. ҮХААЯ, МЭҮГ-ынхан, холбогдох төрийн бус, мэргэжлийн болон хяналт шалгалтын байгууллагуудын төлөөллийг оролцуулан мониторинг хийж үзээсэй. Олонхи нь ямар ч ашиглалтгүй л хэвтэж байгаа даа. Энэ бол М.Галбадрах даргын багийнханы мэргэн бодлогын үр дүн.
-
“Зуд болохоор нохой зоолно” гэгчээр “Шүлхий дэгдэхэд вакцинчид зоолно” гэдэг нэртэй өргөн агуулгатай, мэргэжлийн олон талын маш чухал мэдлэг, мэдээлэл өгөхүйц нэгэн өгүүллийг манай мал эмнэлгийн нэгэн судлаач-эрдэмтэн өнгөрсөн өвөл бичсэн л дээ. Түүн лугаа шүлхийгээр далимдуулж хэрхэн мөнгө хийх вэ гэж бодоод шүлхий дэгдэхийг хүлээгсэд, дэгдвэл баярлагсад ч олшрох төлөвтэй байгаа. Дэгдэлтийг нь далимдуулж шүлхийгээр өвчилсөн малыг буудчихаад шатааж устгах зориулалттай гэх 600 000 000 (зургаан зуун сая) орчим төгрөгний үнэ бүхий шатаах зуухыг өнгөрсөн жил ҮХААЯ, МЭҮГ-ын эрх бүхий авлигачид худалдаж аваад амьдрал дээр хэрэглэх боломжгүй болохоор нь УМЭАЦТЛ-ын хашаанд аваачаад хаячихсан гэдэг. Энэ бас л М.Галбадрах тэргүүтнүүдийн үйлдэл.
-
Мэдээлэл нь олдсон томоохоноос нь дурдахад л иймэрхүү байна. Түүнээс гадна нэрнээсээ эхлээд ойлгомжгүй ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, бэлдмэл, мал эмнэлэг-үржлийн нэгжүүдэд өгөх набор багаж, аймгуудын лабораториудад нийлүүлсэн оношлогооны тоног төхөөрөмжүүд гэхчлэн хэдэн арван саяас тэрбум төгрөгөөр тоологдох үнэ бүхий тендерүүдийн үед илэрхий хуйвалдаан, луйвраар гүйцэтгэгчийг сонгочихлоо гэх мэдээллүүд сонсогдож л байлаа. Энэ бүхний баримт нь ҮХААЯ, МЭҮГ-ын архив дотор байгаа даа. Засварлагдаж, устгагдахаас өмнө л хууль, хяналтынхан даруйхан битүүмжилж аваад үзмээр байгаа юм.
Авлигалын нөлөөллөөр хийсэн энэ олон үйлдлүүдийг гаргаж тавихын учир нь мал эмнэлгийн салбарт мөнгө өгч болохгүй, мөнгө нь илүүдээд байна гэх гэсэнгүй. Мөнгө зарцуулсан бүхнийг нь ч буруутгасангүй. Хамгийн гол нь авлигалын нөлөөллөөр хайран мөнгийг ямар ч үр ашиггүй, буруу зүйлүүдэд зарцуулсан нь харамсалтай. Хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийн үүднээс цаашид ч энэ салбарт төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулсаар л байх болно. Мэдээж Үндсэн хууль болон холбогдох эрх зүйн актууддаа нийцүүлээд төр засаг энэ салбарын үйл ажиллагаанд ямар нэг хэлбэр, хэмжээгээр оролцож таарна. Гэхдээ иймэрхүү шинжлэх ухааны үндэслэлгүй, бодлогогүй, зөвхөн авлигал авах зорилготой үйл ажиллагаа цаашид явуулахгүй байхыг л шаардмаар байна. Энэ салбарт зарцуулах мөнгийг юунд нь хичнээнийг гэдгийг зөв тооцоолоод, дэс дарааллын эрэмбээ зөв тогтоогоод яг зориулалтынх нь дагуу хэрэглэвэл нийгмийн өмнө хүлээх үүргээ биелүүлэхэд нь үнэхээр том дэмжлэг болно. Эс тэгвээс сүйрэл үргэлжилсээр л.... Мэдээж үүнийг хууль хяналтынханы нэг нь ч гэсэн олж харах байх гэж найдаж байна. Бүгд энэ авлигалын эздэд худалдагдчихгүй байх гэж бас найдая даа.
Өдрийн сонин
2014.12.16